ДЭЛХИЙСОНИН ХАЧИНСПОРТТҮҮХ

Уншигтун, Мэдэхтун, Түмэн алгалантын мөнгөн мод хэмээх бэлгэ шүтээн…

Аугаа суут XIII зууны наран голлох үест Хархорум хот зөвхөн Монголын Эзэнт гүрний их нийслэл, улс төр, эдийн засгийн төв төдийгүй дөрвөн зүг, найман зовхисын орд улсын хаад, ноёд, сурвалжит язгууртан, эрдэмтэн мэргэд, хутагт санваартнууд, худалдаа арилжаа болон гар урлалын иргэд зочлон морилж, суурьшин амьдардаг их хөлийн газар, дэлхийн соёл, шашин номын охь чуулбар болсон өвөрмөц суурин болоод байлаа.

Эзэн Богд Чингис хааны шууд зарлигаар 1220 онд сууриа тавьж, улмаар Их хаан Өгөөдэйн үед өргөжин тэлж, Их хаан Мөнх тэнгэрлэг сэнтийд заларч ахуйд хөгжин цэцэглэсэн Хархорум хотыг тухайн цагийн бичгийн дээдэс, аянчин жуулчид судар түүхийн хуудаснаа шагшин магтсан нь олонтаа.

Их хөлгөн тууль Монголын Нууц Товчоо, Елюй Чуцай мэргэний хүү Елюй Чжу, Плано Карпини, Ала-Ад-Дин Жувейни, Гийом де Рубрук, Марко Поло, Рашид-Ад-Дин нарын олон цэцдийн алтан мөрүүд нүүдэлчдийн их нийслэлийн талаархи бахдан биширсэн сэрэл, сэтгэгдлийг агуулахын зэрэгцээ түүхийн хосгүй үнэт баримт, мэдээллийг хадгалдаг билээ. Тэдний олонхи нь домогт нийслэлийг нүдээр үзэж, агаар ахуйд нь амьдран сууж байсан юм.

Мэргэд эдгээрийн дундаас IX Луи гэгээн вантны дотно анд, францискан хувраг Гийом де Рубрукийн илтгэл, тэмдэглэл гойд ялгарах бөгөөд Монголын эзэнт гүрэн төдийгүй дэлхий дахины аж байдлын талаар туурвисан түүний бүтээлийг түүх, газар зүй, угсаатны зүйн сод туурвил хэмээн дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг билээ.

Нүүдэлчдийн Их гүрэн болон тэдний нийслэлийн талаарх Рубрукийн айлтгал бичиг нэгэн цаг үед мөр зэрэгцэн хэрэн бэдэрсэн жуулчдийнхаас хэмжээ цараар алд дэлэм илүү төдийгүй өөр хэнбугайн ч номын гэрэлт үсэгт мөнхлөөгүй Эрин цагийн гайхамшигт нэгэн бүтээлийн талаарх гэрч сургийг найман зуунд өртөөлөн иржээ. Монголын Их хаадын Түмэн Амгалант ордны Рашаан Оргилолт Мөнгөн Модны талаар өгүүлсэн нь тэр ажгуу..

“Парисын уугуул Гийом дархан хаанд том мөнгөн мод бүтээжээ. Түүний ёроолд тус бүрээс нь гүүний сүү олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан урлажээ. Мөнгөн модны дотуур дөрвөн хоолой оруулж, оройд нь хүргээд тэндээс амыг нь гадагш гаргаж, уруу харуулахдаа тус бүрийн амыг алтлагхан зүст могойн амаар төсөөлүүлэн, сүүлийг нь модны их биеийг ороосон маягаар үйлджээ. Нэг цоргоор нь дарс, нөгөөдөхөөр нь хар айраг… гуравдахиар нь… зөгийн балын ундаа, дөрөвдэхээр нь бол… тутрагын исгүүн умдаан урсан ирж гоождог ажээ.

Модны хөлд амтат идээ бүрийн дор мөнгөн гадар тосгуулан тавьжээ. Мөнгөн модны оройд мөнөөх дархан гартаа бишгүүр барьсан Чагаа тэнгэрийг урласан бөгөөд… уг мод навч, жимс бүхий мөнгөн салаа мөчиртэй… Чагаа тэнгэрийн бишгүүрийн дуу сонсмогц… зоорьт байгаа зарц нар тус тусын умдаанаа гардан дээш нь гүйлгэхэд тэр нь цоргын амаар доош тусгайлан бэлдсэн мөнгөн гадарт гоожмуй. Сөнч нар түүнийг юүлэн авч, ордны доторхи эр эм бүх хүнд зөөж хүргэмүй…”(Гийом де Рубрук “Монголын эзэнт гүрэнд зочилсон нь”)

Дэлхийг донсолгосон Эзэнт гүрний их нийслэлийн суу алдар зуун дамнан цууриатсаар шинэ түүхийн эрин үетэй золгожээ. Чухам XIX зууны эхэн үеэс эртний Хархорум хотын байршлыг тогтоох, шинжлэх ухааны үүднээс судлах оролдлогууд хийгдэж, улмаар 1930-аад оноос идэвхитэй хэрэгжүүлсэн монгол, зөвлөлтийн эрдэмтдийн удаа дараагийн археологийн экпедицийн шинжилгээ, судалгааны үр дүнд домогт Эрдэнэ зуу хийдийн дэргэдэх эртний хотын үлдэгдэл бол Хархорум хотын турь мөн болохыг хөдөлбөргүй тогтоосон байна.

Түүнчлэн, Хархорум нь зөвхөн Эзэнт гүрний улс төр, засаг захиргааны төв төдийгүй үйлдвэр худалдааны хот байсан, тухайн цагийн дэлхий ертөнцийн өнцөг булан бүрээс ирсэн үндэстэн ястнууд өөр өөрсдийн шашин соёлоо цэцэглүүлэн, нэгэн тэнгэрийн дор эвтэй найртай оршиж сууж байсныг илтгэх үнэт олдворууд дээрх олон судалгаагаар илрэн гарсан юм.
1990-ээд оноос хойш Хархорум хотын судалгаа шинэ шат ахиж, монголчууд дэлхийн дэвшилтэт технологи ашиглан, олон улсын эрдэмтэдтэй хамтран ажилласны үр дүнд 2004 онд Хархорум хот болон Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалуудыг хүн төрөлтний үнэт өв хэмээн хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэсэн билээ.

Ийнхүү их түүхээ хүлээн зөвшөөрүүлж, их нийслэлийн талаарх хосгүй үнэт шинэ шинэ олдворуудыг дэлхийн мэлмийд өргөн барихад 1999-2014 онд монгол-германы археологчдийн хамтран хэрэгжүүлсэн “Хархорум” экспедиц түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Уг экспедиц нөр их судалгаа,шинжилгээний үр дүнд Хархорум хотын түүх, өнгө төрхийг тодотгох цоо шинэ эд өлөг, баримтуудыг нээн илрүүлснээс гадна олон жилийн турш шинжлэх ухаанд тогтоод байсан нэгэн том төөрөгдлийг үгүйсгэж, Хархорин судлалд шинэ хуудсыг эхлүүллээ.

1949 онд С.В. Киселёв, Х.Пэрлээ нарын удирдсан экспедицийн нээн илрүүлсэн 64 баганат байгууламжийг Хархорум нийслэл дэхь Монголын Их хаадын “Түмэн Амгалант ордон” мөн гэсэн ойлголт он удаан жил археологийн шинжлэх ухаанд тогтож, үүнийг ч дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөөр ирсэн юм.

Харин Монгол – Германы “Хархорум” экспедиц түүхэн эх сурвалж, археологийн нэн шинэ олдворуудад тулгуурлан мөнөөх 64 баганат барилга бол тухайн цагтаа архитектурын нэгэн гайхамшигт бүтээл байсан 5 давхар, 300 тохой өндөр “Юань улсыг мандуулах асар” хэмээх бурхны шашны их сүм байсан бөгөөд харин “Түмэн Амгалант ордон” өнөөгийн Эрдэнэ зуу хийдийн оршин буй ор суурин дээр байсныг хөдөлбөргүйгээр тогтоожээ. Чухам энэ ордонд домогт “Мөнгөн мод” байсан билээ…

Эзэнт гүрний голомт Хархорум балгасын домогт бэлгэдэл “Мөнгөн мод”-ыг сэргээн бүтээхдээ бид францын эрдэмтэн Пьер Бержероны (1580-1637) түүхэн эмхэтгэлийн 1735 оны хэвлэлд, Рубрукийн тэмдэглэлийн бүлэгт голланд зураачийн хийсэн алдарт чимэг зургийг шүүн тунгааж, монголын язгуур болон уламжлалт бэлгэдэл зүй, эд өлгийн сурвалжийг иш үндэс болгон, цутгамал урлалын орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглалаа.

Дорнын догшин нүүдэлчдийн шүтээн бэлгэ зүйгээс эрхгүй төсөө хол эгэл номхон франк жуулчны “могой” хэмээн эндүүрснийг Хүн гүрнээс эхтэй хүчирхэг луунд эгүүлэн эрчилж, сэрэл төсөөллөө чадамгай урласан голланд зураачийн гээж орхисон зогдорт арсланг сууринд нь залж, язгуур монголчуудын эрхэм онгон “ертөнцийн мод”-ыг дорнын уламжлалт бодь модны тигээр эш нийтгэн, энх тунх, удаан жаргалын бэлгэдэл лийр жимсээр чимэглэвэй.

Харин шашин бүгд тэгш цэнгэх Их нийслэлийг шагшин бахадсан Рубрук гэлэн өөрийн ариун номын хэлч сахиусаар сэрж бичиглэсэн Чагаа тэнгэрийг суут Рашид-Ад-Дины “Судрын чуулганы” чимэг зурагт олонтаа тохиолдох жигүүрт улаач тэнгэрийн дүрээр залсан бөлгөө.
Бэлгэ шүтээний их биеийг өндөр технологийн бат бөх, бүтээлийн эд эс бүхнийг нарийн гаргах шингэн цутгуураар биежүүлж, алт болон мөнгөн өнгөөр өнгө ялган, хатжуулсан шилэн тунгалаг хоргонд суулгавай.

Эртний Грекээс эхтэй, механикийн ухаанд суурилсан, уран чамин хийцтэй, оньс түгжээтэй эд чимэглэл Өрнө, Дорнын хаад, язгууртны орд харшид залаатай байсан тухай олон тооны мэдээ баримт байдаг билээ. “Түмэн амгалант ордон” дахь гайхамшигт “Мөнгөн мод”-ны талаар Рубрук гэлэнтэн үнэхээр нүдэнд харагдаж, гарт баригдахаар яруу бодитой бичиж үлдээжээ.

Зөвхөн энэ төдийгүй, монголчууд болон тэдний Эзэнт гүрэн, Их хаад, хот балгад, орд харшийн талаар бичсэн зүйлс нь түүнийг гярхай ажиглагч, уран чадамгай бичгийн хүн байсныг нотлодог билээ. Найман зууны өмнө түүний тэмдэглэж үлдээсэн монголчуудын аж амьдрал, орон гэрийн талаар бичсэн зүйлс өнөөдөр ч бидний өдөр тутмын ахуйд уламжлагдан баримтлагдсаар байгаа нь Гийом де Рубрукийн үнэн бөгөөд хурц харааны баталгаа бус уу.

Дэлхийг түвшигтгэсэн Их дээдсийнхээ Гүрний Голомт нийслэлийн сууринд хожмын үр хойч нь монгол угсаатан дахин мандан бадрах шүншигийг агуулсан Номын Их Хүрээг цогцлоож, Эзэн Чингисийн удам Абтай сайн хан, Өндөр Гэгээн Занабазар нарын оюун мутраар дэвжин цэцэглэсэн Эрдэнэ зуу хийдийн өнөө хир сүндэрлэх сүм дуганы хана туурга, багана сууринд эртний домогт Хархорумын орд харшийн чулуу, тоосго, гэрэлт хөшөө сэлт шигтгээстэй байгааг монгол эрдэмтэд нэгэнт тогтоогоод байна!
Олон монголчууд Эрдэнэ зуу хийдийг эрхэм шүтээнээ хэмээн үеийн үед дээдэлсээр ирсний оньс энэ буюу!

“МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЛИЙН ҮЗЭЛ САНААНЫ БЭЛГЭ ТЭМДЭГ НЬ МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН ТҮҮХЭНД АЛДАРШУУЛСАН ИХ ГҮРНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРУМ ХОТ БӨЛГӨӨ…”