АЛДАРТНУУДСПОРТ

Т.Доржханд: Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүд сонгодог болмоор байна !!!

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандтай ярилцлаа.

Өнөөдөр нийгэм, олон нийтийн анхаарлыг Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал ид татаж байна. Иргэд мэдээж уг явдалд таагүй хандаж байгаа. Гол нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж та улс төрчийн хувьд, УИХ-ын гишүүний хувьд үзэж байна вэ?

Хөгжлийн банкны асуудал бол маш том хулгай. Хоёр жилийн өмнө ЖДҮ-ийн хулгай гэж гарахад Монголчууд маш их дургүйцсэн. Гэхдээ ЖДҮ-ийн хулгай дарагдчихсан шүү дээ. Энэ удаад харин Хөгжлийн банкны хулгайг сенсацлаад л мартчихаж болохгүй. Заавал хариуцлага тооцох ёстой. УИХ-ын гишүүний хувьд, ХҮН-ын даргын хувьд үүнд хатуу байр суурьтай байгаа. Зайлшгүй хариуцлага тооцох ёстой. Хоёр төрлийн хариуцлага байх ёстой гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт хуулийн хариуцлага. Зээл авсан хүмүүс мөнгөө буцааж төлөх ёстой. Мөнгө нь үгүй бол хаа нэгтээ барилга болчихсон, цемент зуурчихсан ч юм уу, ямар нэгэн хэлбэрээр байж л байгаа. Түүнийг нь хайж, илрүүлж олох хэрэгтэй. Улмаар худалдан борлуулж, эх үүсвэрийг нь буцааж шилжүүлэх ёстой. Давхар хуулийн хариуцлага тооцох ёстой. Тухайн зээлийг зуучилсан, зээл ав гэж шахсан, Хөгжлийн банкинд нөлөөлсөн, зээлийг аваад зориулалтын бусаар ашигласан, мөнгө угаасан зэрэг нь томоохон мөнгөн дүнтэй, яах аргагүй эрүүгийн хэрэг. Иймээс ч эрүүгийн хариуцлага ногдуулах ёстой. Ингэж байж улсын хөрөнгөнөөс хулгай хийж болдоггүй гэдэг жишгийг улстөрчдөд, дараагийн үеийнхэнд өгөх ёстой.
Хоёрдугаарт ёсзүйн хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бол улстөрийн хариуцлага.

МАН, АН засагласан 30 жил өнгөрлөө. Мэдээж хийсэн ажил байгаа байх. Гэхдээ хамтарч хийсэн хулгай нь ар араасаа гарч ирж байна. Энэ хулгайтай холбоотойгоор хамгийн түрүүнд МАН-д хариуцлага тооцох ёстой. АН-д хариуцлага тооцох ёстой.

Хулгайд холбогдсон нэр бүхий улстөрчид, одоо болон өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эсэхээс нь үл хамаараад улстөрийн намын гишүүнээс нь түдгэлзүүлэх хэрэгтэй. Ингэж хуулийн хамгаалалт үзүүлэхгүйгээр, хуулийн шат шатны байгууллагад нь аваачих ажлыг энэ хоёр нам хийх ёстой. Өөрөөр хэлбэл энэ улстөрчид дээр хар тамга дар гэж байгаа юм. Хар тамга даруулсан улстөрчдийг бусад намууд хүлээж авахгүй байя.

Намын гишүүнээр бүртгэж авахгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх байдлаар намууд хамтарч ажиллая гэж уриалж байна. Хэрэв УИХ-д бие даагаад нэр дэвшвэл иргэд нь дэмждэггүй байя. Хулгай хийдэг улстөрчидтэй ингэж хамтарч хариуцлага тооцсоноор цаашдаа зөв жишиг тогтоно. Улстөрд цэвэрлэгээ явагдана. Хулгай хийх гэсэн хүмүүс нь улстөрд ордоггүй байх хэрэгтэй. Хулгай хийчихсэн нь гишүүн болж, хуулийн хамгаалалтанд ордоггүй байх нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж харж байна.

Ер нь Хөгжлийн банк шиг бүтэц бусад улсуудад байдаг уу? Яг иймэрхүү бүтэц байгуулаад амжилтанд хүрсэн жишээ байдаг уу? Монголчууд бидний хувьд яг юун дээр алдчихав аа?

Хөгжлийн банкийг анх байгуулахад би Сангийн Яаманд Хөгжлийн санхүүжилтийн газрын даргаар ажиллаж байсан. Тухайн үед маш их хэмжээний цааснууд, том том төслүүд байсан. Энэ төслүүдийг цааш нь явуулах санхүүгийн арга хэрэгсэл байхгүй байсан л даа. Монгол Улсын төсөв 30 жилийн турш 76 тойргоо усалсаар байгаад, нэг томоохон төслийг улсын төсвөөр санхүүжүүлсэн тохиолдол байгаагүй. Дээд тал нь 10 сая долларын төслийг санхүүжүүлсэн тохиолдол ч байдаггүй шүү дээ. Дандаа гадны зээл, тусламжаар хийдэг байсан.

Энгийн жишээ гэхэд шинэ нисэх онгоцны буудал Японы, цэвэрлэх байгууламж тухайн үед Испанийхаар хийгдэж байсан. Сургуулиудын өргөтгөл гэхэд Японы “Өвсний үндэс” гэдэг юм уу, зам тавихдаа Хятад, Энэтхэгийн, Францын мөнгөөр гэдэг ч юм уу, дандаа иймэрхүү байдлаар явж ирсэн. Гэтэл Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй, томоохон ажлын байр бий болгох, үр өгөөжөө өгөх, экспортыг дэмжсэн, импортыг орлуулах төслүүдийг санхүүжүүлье гэхээр мөнгө байхгүй. Яаж санхүүжүүлэх вэ? гэдгийг судалсан.

Хөгжлийн банк болон Экспорт, импортын банк гэсэн хувилбарууд байсан. Хөгжиж байгаа улсуудын хувьд Хөгжлийн банк байгуулах нь зүйтэй юм гэж шийдээд, хаана үүссэн юм, хэн хамгийн үр ашигтай явуулдаг юм гэдгийг судалсан. Анх үүсгэсэн нь ч, хамгийн үр ашигтай явуулсан нь ч Япон байсан. Сайн ажилласан улсуудыг харахаар дандаа Япончууд дизайныг нь гаргаж, менежментийг нь хийж, хөл дээр нь босгож өгсөн байдаг.

Энэтхэгийн, Сингапурын, Солонгосын, Хятадын Хөгжлийн банк гээд бүгдийг нь Япончууд хийж өгсөн байдаг. Бүгд хөгжлийн санхүүжилтээ хийгээд, үр дүнд хүрсэн. Тухайлбал Японы Хөгжлийн банк улсын банк байж байгаад олон нийтийнх болсон. Хувьцаатай, нээлттэй компани болсон. Ийм байдлаар явах ёстой байсан ч харамсалтай нь Японы Эксим банкны мэргэжилтнүүдийг оруулж ирж менежментийг хийлгэхээр явж байхад Солонгос баг орж ирсэн.

Тэгээд ердөө 2 жилийн дараа буюу 2012 онд Солонгосын багаа хөөж явуулаад, улстөрчид гарынхаа хүмүүсийг ТУЗ-д нь томилдог, туслахаа гүйцэтгэх захирлаар нь томилдог, үр өгөөжөө буцааж өгдөг төслийг санхүүжүүлэхийн оронд захиргааны буюу дээрээс дарга шийддэг төслийг санхүүжүүлдэг болчихсон нь мордохын хазгай болсон. Үүний үр дүнд 10 жилийн дараа буюу өнөөдөр 2022 онд нийт активын 50-иас дээш хувь нь чанаргүй зээл болчихсон.

Бүгдээрээ л том халбагдая, мөнгөө буцааж төлөхгүй, хууль хяналтын байгууллагаар ороод, хүүгүй зээл аваад, түүнийгээ банк бус, банкаар өөр газар эргэлдүүлдэг, эсвэл байшин бариад, зориулалтын бусаар ашигладаг буруу жишиг тогтсон. Үүн шиг буруу жишгээр яваад, амжилтгүй болсон тохиолдлууд ч байгаа. Юунаас болоод амжилтгүй болчихов гээд судлаад үзэхээр улстөрийн шийдвэр гаргаж, улстөрчид оролцсон бол энэ банк цаашаа явах ямар ч боломжгүй байдаг.

Та оны өмнө Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргах үеэрээ: “УИХ Засгийн Газарт хариуцлага тооцох боломжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүд Засгийн Газрын гишүүн, сайдаар ажиллах эсэхтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй” гэж ярьсан. Ер нь УИХ-ын гишүүд сайдаар ажиллах нь зөв үү? Буруу юу? Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор улстөрийн бүх намуудыг цуглуулж байр сууриа нэгтгэсэн. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд дэвшилттэй заалтууд бий. Гэхдээ зарим заалтуудыг хийлгүй орхисон гэдэг дээр МАН, АН, тухайн үед эрх барьж байсан хүчнүүд, улстөрийн намууд бүгд санал нэгдсэн. Тийм учраас тодорхой заалтуудыг нэмж тусгая, парламентийн ардчиллыг бэхжүүлж, 1992 оны Үндсэн хуулинд заасан Монгол Улс парламентийн бүгд найрамдах улс байна гэж зааснаа биелүүлье. Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, парламентийн засаглалтай ч юм шиг холимог системээр бид 30 жил явж ирлээ.

Үүнийг өөрчилье. Энэ агуулгаар Үндсэн хуульд нилээн олон өөрчлөлт орох байх. Тухайлбал Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байя. Парламентыг бүрдүүлэхдээ тойргийн улстөрчид биш, улсын хөгжил ярьдаг улстөрчдийг УИХ-д оруулья. Үүний хүрээнд сонгуулийн хуулийг өөрчилье. Мөн Монгол улсын парламент хэт жижигхэн байна. Цөөн хүнтэй учраас нэг гишүүний кнопны эрх мэдэл асар үнэтэй байна. Үүнийг олон улсын жишгээр куб язгуурт оруулж, олон улсын эрдэмтдийн тооцоогоор өнөөдрийн байдлаар 150 УИХ-ын гишүүнтэй байх болчихоод байна. 1990 онд нийт сонгогчдын тоо 1 сая байсан бол одоо 2,4 сая болсон байна.

Нийт хүн амын тоо 3,5 сая болсон байна. 30 жилийн өмнө 2 дахин бага байлаа. Парламент иргэдийг төлөөлдөг учраас иргэдээс хамаарсан тоо байдаг. Энэ агуулгаар эдгээр өөрчлөлтийг хийе гэж байгаа юм. Парламентын гишүүдийн тоог өсгөөд, парламентын тогтолцоо руу шилжсэн тохиолдолд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх нь зүйтэй. Энэ нь парламентийн засагтай олон оронд хэрэгжээд явдаг, үр дүнтэй гэж харж байна.

Яагаад гэвэл салбарын сайн мэргэжилтэн Засгийн газрын гишүүн байж болж байна. Гэвч УИХ дээр ирээд асуудлаа хамгаалж чадахгүй байна. Улстөрийн манлайлал үзүүлж чадахгүй байна. Хоёрдугаарт УИХ-ын гишүүд нь сонгуулиар иргэдийн өмнө амлалт өгдөг. Тэр ажлаа хийх болохоор өөр хүмүүс хийж байна. Нөгөө амлалт болон амлалтаа хийх хооронд зай үүсчихээд байна.

Тийм учраас улстөрийн манлайлал үзүүлэх, парламентийн ардчиллаа бэхжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн нь сайд болох боломжийг нээх хэрэгтэй. Хамгийн чухал нь Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүн хэд байх ёстой гэдэг хязгаарыг авчих. 2019 оны Үндсэн хуулийн гол зорилт нь Засгийн газар ажил хийхүй байна, нэг хоёрхон жилийн дараа огцроод байна.

Ажил хийдэг болгохын тулд Ерөнхий сайд нь багаа УИХ-д оруулж ирдэг байя, тэр багийг нь УИХ тоосго, шүд сугалж байгаа юм шиг хариуцлага тооцдоггүй, Ерөнхий сайд нь өөрөө хариуцлага тооцдог, Ерөнхий сайдад нь УИХ хариуцлага тооцдог байя гэсэн зарчмаар явсан. Гэтэл 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Ерөнхий сайд нь ийм эрх мэдэлтэй ч дөрвийг нь УИХ томилно гээд хязгаарлалт тавьчихсан. Энэ нь үзэл санааны зөрчил үүсгэчихээд байгаа юм. Бидний Үндсэн хуулийн цэцэд хандсан нэг шалтгаан бол Ерөнхий сайд нь 100% дан дээлтэй байна уу, 100% давхар дээлтэй байна уу, холимог байна уу? гэдгээ шийдэг.

Хариуцлага тооцох эрх мэдэл нь УИХ-д байна гэсэн агуулгатай. Хоёрдугаарт 76 гишүүнээс 39 гишүүнээр ирц бүрдүүлдэг. Ингээд 39 гишүүнээс 20 хүний саналаар хууль батлагддаг. Гэтэл 20 хүний 15 нь Засгийн газрын гишүүн байхаар ЗГ нь УИХ-ынхаа дээр гарчихаад байна. Хариуцлага тооцдоггүй, цөөнхийн дарангуйлал руу шилжчихээд байна гэдэг тал дээр судлаачид хандаж байсан. Бид ч үүнтэй санал нэгдэж байсан. Харин судалгааны үндсэн дээр УИХ-ын гишүүдийн тоог 150 болголоо гэхэд түүний 15 нь Засгийн газрын гишүүн байлаа гэхэд нийт гишүүдийн 10% нь. Энэ тохиолдолд УИХ хяналтаа тавих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Цаашдаа парламентийн тогтолцоо руу шилжинэ гэж байгаа бол УИХ-ын гишүүдийн тоог өсгөх, давхар дээлийн асуудлыг шийдээд явах ёстой.

Намайг Японы Сангийн яаманд ажиллаж байхад нэг сайд, 2 төрийн нарийн бичгийн даргатай байсан. Сайд нь парламентын гишүүн, нэг төрийн нарийн бичгийн дарга нь парламентынн төрийн нарийн бичгийн дарга хийдэг. Парламентаа холбож өгдөг. Нөгөөх нь дотоод Төрийн нарийн бичгийн дарга. Герман улс мөн адил ийм системтэй. Парламент нь хөгжчихсөн, үр дүн гарсан улсууд ч ийм системтэй байна.

Та УИХ-ын гишүүнээр ажиллаад 2 жил орчим болчихлоо. Мөн өмнө нь Сангийн Яаманд ч ажиллаж байсан. Яг практикаас харахад УИХ-ын гишүүн Засгийн Газрын сайдаар ажиллах нь сул тал болдог уу? эсвэл давуу тал болдог уу?

Сангийн яаманд дан дээлтэй сайдтай ч, давхар дээлтэй сайдтай ч хамтран ажиллаж байсан. Сангийн яам мөнгө, хөрөнгө шийддэг. Хамгийн муухай ааштай сайд байх ёстой. Бүх сайд нар сайхан ажил хийж салбараа хөгжүүлэхийг, мөнгө үрэхийг боддог. Гэтэл татвар төлөгчдийн мөнгө хязгаартай шүү дээ. Ихэнх тохиолдолд үгүй гэж хэлдэг, өөрийн гэсэн арангатай сайд байх ёстой. Маш их хэрүүл хийнэ, кабинет дотроо цөөнх байх ёстой. УИХ дээр мөн адил бүх гишүүд тойрогтоо мөнгө зарахыг хүснэ. Түүн дээр үгүй гэж хэлдэг, сөрөг хүчин байх ёстой. Тайлбараа хэлж чаддаг, нүд рүү нь хараад үгүй гэж хэлдэг, ижил түвшний хүн байх ёстой.

Гэтэл Сангийн сайд, Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн биш бол өмнөөс нь үг хэлж чаддаггүй, байгаа хуулиудаа, төсвөө хамгаалж чаддаггүй. Үр дүнд нь төсөв нь Засгийн газарт орохдоо тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. УИХ-аар орж батлагдахдаа 180 хэм эргээд, танигдахын аргагүй болчихдог. Мэргэжлийн байгууллага нь судалгаагаа хийгээд, татварын, төсвийн бодлогоо тооны үндсэн дээр гаргаж ирсэн зүйлийг УИХ дээр очоод сэтгэлийн хөдлөлөөр өөрчлөөд, танигдахын аргагүй болчихдог. Энэ нь хөгжлийн дунд, урт хугацаанд төлөвлөгөөт ажлуудыг санхүүжүүлж явах боломжийг үгүй хийдэг.

Дандаа амь тариа хийсэн, гал унтраасан л төсөв болдог. Үр дүнд нь аймаг, орон нутагт цемент зуурдаг, шавар бурхан зуурдаг, үр ашиггүй төсвийн тансаглал, хэдэн дарга буцаж гишүүн болохын тулд тууз хайчилдаг систем рүү явчихаад байгаа юм. Үр дүнд нь Монголчууд хохирч байгаа.

Үр дүнд нь бид маш их өртэй боллоо. Төсвийн зарлага тал нь дандаа өндөр. Орлого тал нь жоохон. Үүнийг тэнцвэржүүлэх үүрэг нь Засгийн газар, Сангийн сайдад нь байдаг .Үүнийгээ хамгаалж чадаагүйгээс өнөөдөр эдийн засаг нь маш их өртэй, төсөв нь алдагдалтай, халамжилсан, үр ашиг муутай улс болсон байна.

Төсвийн үр ашгаараа дэлхийн улсуудаас сүүлийн 12-т нь ордог. Яагаад гэвэл хэтэрхий замбараагүй. Үүнийг сахилга баттай болгох үүрэг нь Сангийн сайдад бий. Би өөрөө Сангийн яаманд ажиллаж байсан учраас тэр жишээн дээрээ хэлж байгаа юм. Сангийн сайд бол зайлшгүй УИХ-ын гишүүн байх ёстой. УИХ-ын гишүүдийн өмнөөс өөрийнхөө төсвийг, эдийн засгийн бодлогоо хамгаалж чаддаг байх ёстой.

Баярлалаа. Ярилцсан М.Чойжал