БУСАД

Б.Мэдрээ: Хөгжлийн банкны хуулийг өөрчилснөөр маш том ЛУЙBAP хийх заалтууд тусгасан !!!

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.

-Өнөөгийн шуугиан Хөгжлийн банк болж байна. Банкны салбарын хүний хувьд энэ шуугианы талаар байр сууриа илэрхийлээч?

-Хөгжлийн банкийг байгуулах ажлыг 1990-ээд оны дундаас ярьж явсаар 2011 онд анхны хууль нь батлагдсан түүхтэй. Хөгжлийн банк манайх шиг буурай хөгжилтэй оронд зайлшгүй байх ёстой институци юм. Яваандаа хөгжөөд ирэхээрээ өөр болох байх. Анхны буюу 2011 оны хууль нь 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл үйлчилсэн. Сайн муу, зөв буруу гээд яривал үнэхээр сайн хууль гэж хэлнэ. Институцийн тогтолцоо, хэрхэн үйл ажиллагаа явуулах зэргийг тун сайн тусгаж өгсөн. Дараа нь 2017 онд Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа өргөн барьсан юм билээ.

Бас л “биширмээр хууль”. Яаж үг, үсгээр тоглож, луйвар хийж болохыг тун гайхамшигтай харуулсан гэж болно. Мэдээж хуульд өөрчлөлт оруулахад УИХ-ын гишүүд санаа, чиглэл өгдөг байх. Хуулийн эх баригч гэж нэг хүн байж таараа.

Уг нь 2011 онд батлагдсан Хөгжлийн банкны хууль бол үнэхээр зөв ажиллах хууль байсан юм. 2011 оны хуульд Хөгжлийн банкны зорилгыг “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий тусгайлсан чиг үүрэгтэй банк байна” гэж заасан. 2017 онд энэ хуульд өөрчлөлт оруулахдаа “тусгайлсан” гэдэг үгийг нь авч хаясан байна лээ.

Импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай гэсэн үгсийг нэмсэн байгаа юм. Ерөнхийдөө зорилго нь хазайгаад явчихсан гэсэн үг. 2011 оны хуульд заасан “зээл олгох” гэдэг бүлгийг нь огт байхгүй болгочихсон. Угтаа 2011 оны хуульд Хөгжлийн банк хэрхэн зээл олгохыг нарийвчилж, зааж өгсөн байсан. Үүнд, “Зөвхөн мэргэжлийн дүн шинжилгээнд үндэслэсэн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр ашигтай байх, зээлийн эргэн төлөгдөх хуваарь тодорхой байх, зээл нь барьцаа баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга, хэрэгслээр хангагдсан байна” гэхчлэн нэлээд нарийвчилж заасан зүйлсийг 2017 онд өөрчлөлт оруулахдаа хасчихсан.

Зээл олгох шийдвэрийг актив-пассивын удирдлага, эрсдэлийн удирдлагын нэгжийн саналыг үндэслээд зээлийн хороогоор хамтарч хуралдаад зээл олгох нь зүйтэй гэвэл Гүйцэтгэх захирал гэрээ хэлцэл байгуулна гэж байсан юм.

Гэтэл одоогийн хуулиар ТУЗ-ийн шийдвэрээр зээл авч болно гэж заагаад ТУЗ-өө бүр зээлдээ хутгаад оруулчихсан. Түүнчлэн 2011 оны Хөгжлийн банкны хууль хоёр том чиг үүрэгтэй байсан. Нэгдүгээрт, УИХ-аас Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл,хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална.

Хоёрдугаарт, УИХ-ын баталсан төслийг Засгийн газар нарийвчилж батална гэж заасан байсан. Гэтэл 2017 оны хуульд УИХ-ын болон Засгийн газар нарийвчилж батлах тухай хэсгийг нь хасчихсан. Ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эрхийг 2017 оны хуульд оруулж өгсөн байгаа юм.

Хуулийн аргаар хулгай хийж болох зүйлийг зөвхөн дээд зэрэглэлийн түвшинд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд л хийж чадна. Гэхдээ бүх гишүүдийг нь хэлж байгаа хэрэг биш шүү.

-Эдгээр чанаргүй зээлүүдийг хэдэн жилийн дотор олгочихов? -Энэ бүх муу зээлүүдийн ихэнхийг нь 2017-2021 онуудад буюу тавхан жилийн дотор олгосон байна лээ. Ердөө таван жилийн дотор Хөгжлийн банкийг хүнд байдалд оруулчихсан гэсэн үг. Гэхдээ аль ч хуулийг нь харсан компанийн засаглалын хувьд үнэхээр сайн бичигдсэн, хяналт сайтай. Хувь нийлүүлэгчдийн хуралд ТУЗ нь тайлагнана. ТУЗ-дөө Гүйцэтгэх захирал нь тайлагнана.

ТУЗ нь дэргэдээ аудитын нэгжтэй байна гэх зэргээр дараалсан, давхар хяналтуудтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ бүх хяналт яаж ажиллаад байсан юм бэ. АНУ, Мексик хоёр хоёулаа капитилист, Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Гэтэл АНУ нь хөгжөөд, Мексик нь хар тамхиндаа идэгдчихсэн. Ялгаа нь юу вэ гэвэл ерөөсөө хууль хэрэгжүүлдэггүй л байгаа юм. Аливаа улс хөгждөггүй гол шалтгаан нь улс төр л байдаг.

-Хөгжлийн банк өнөөдөр ийм байдалд орсныг та хуультай нь холбож үзэж байна уу?

-Тэгэлгүй яахав. 2011 оны хуулиндаа хяналт тавих газраар Монголбанкийг оруулаагүй. Зөвхөн 2017 онд оруулсан. Банкийг хянаж чаддаг ганц мэргэжлийн байгууллага нь Монголбанк. Засгийн газар Хөгжлийн банкийг хоёр жилд нэг удаа хянана гэж байгаа. Засгийн газарт банкийг мэргэжлийн түвшинд хянаж, шалгах институци байна уу гэвэл, байхгүй.

Мөн 2011 оны хуульд хараат бус гишүүний тоо гурав байсан. Үүнд, Монголбанк, Монголын банкны холбоо, МҮХАҮТ тус тус нэг төлөөллөө оруулахаар заасан байсан. Харин үүнийг 2017 оны хуулиас хасчихсан. Одоо хараат бус гишүүн дөрөв болсон, энэ нь ч сайн. Монголбанк үнэхээр чанга хяналт тавина л даа. Тэр нь ч зөв. 2017 оны Хөгжлийн банкны хуульд үнэхээр том луйвар хийж болох заалтуудыг тусгасан. ТУЗ нь Гүйцэтгэх захирлаасаа тусдаа Тэргүүн дэд, газрын захирлуудтайгаа гэрээ байгуулахаар заачихсан. Ингээд ирэхээр л захирлууд нь фракцлаад эхэлдэг. Гүйцэтгэх захирал нь удирдаж чадахаа больдог. Компанийн сайн засаглалыг 2017 оны өөрчлөлтөөр бүрэн эвдсэн гэж ойлгож болно.

-Хөгжлийн банк зээл олгохдоо эзнээ олж өгөхгүй байх шиг. Арилжааны банк олгочих зээлийг л олгосон байх юм…

-Тийм ээ үнэн. Тиймэрхүү зээл олгож болохгүй. Хөгжлийн гэдэг утга нь алдагдана. 2017 онд хуульд өөрчлөлт оруулахдаа экспорт, импортыг санхүүжүүлэх гэж тусгасан. Өнөөдөр алт олборлох зээлийг аль ч арилжааны банкнаас авч болно шүү дээ. Буруу зүйлд зээл өгөөд байна. Дэлхий нийтэд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болж байна. Манайх эхнийх нь ч хувьсгалыг хийж чадаагүй. Хадаасаа, зүүгээ ч өөрсдөө хийж чадахгүй байж аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал яриад байдаг.

Ядахдаа бид дээд зэргийн ган, зэс хоолой(турба), зэс бүтээгдэхүүн, шил, шилэн бүтээгдхүүн, бензин хийдэг ийм хэдэн аж үйлдвэрээ барьчих ёстой. Монгол шиг зэстэй газар хаана байна. Шведүүд бүх турбагаа зэсээр хийдэг болгож байна. Зэс нь зэвэрдэггүй, цоордоггүй л гэнэ. Манай эдийн засагчид экспортод зориулсан гэж их ярих юм. Экспортод зориулсан бүх зүйлсээ гадагшаа гаргаж байна. Зэсийн хүдэр төмөр, нүүрс гэх мэт бүгдийг нь экспортолж байгаа. Импортыг орлох тухай огт ярихгүй юм. Шилний үйлдвэр, гангийн үйлдвэр байгуулъя гэж бараг ярихгүй юм даа.

-Хэн хариуцлага хүлээх ёстой вэ? -Үнэн хэрэгтээ зээлээ төлөхгүй яваад байгаа хүмүүсийн муу зээлийг ажил эрхэлж, татвар төлж байгаа Монгол Улсын 1.5 сая иргэн төлж байгаа юм. Нөгөө хэдэн луйварчид нь монжоод л. Хөгжлийн банкны шат шатны албан тушаалтнууд, өөрөөр хэлбэл ажил хариуцсан доод албан тушаалтнуудаасаа эхлээд дээшээгээ дарга нар нь бүгд хариуцлага хүлээх ёстой. Бүр Засгийн газар, Сангийн яамны ажил хариуцсан албан тушаалтнууд хүртэл хариуцлага хүлээх ёстой. Энэ банкийг 10 гаруй жилийн хугацаанд долоон захирал удирдан ажилласан байна. Дөнгөж ажлаа аваад ойлгож, мэдэх гээд явж байхад нь сольчихдог. Долоон захирлын нэг нь ч банкны хүн биш байх жишээтэй. Банкийг мэддэг хүн удирдах нь зүйд нийцнэ.

-2011 оны хуулиа эргэж харах, сэргээх хэрэгтэй гэж та харж байна уу?

-2011 оны хуулийг эргэж хүчин төгөлдөр болгож болно. 2017 оны хуулиас ганц хоёр авууштай зүйл заалтыг нь ч оруулчихаж болно. Хөгжлийн банк бол манайд заавал байх ёстой. Харин удирдлагад нь мэргэжлийн банкир, ёс суртахуунтай, ёс зүйтэй, жудагтай хүн оччиход л болно доо. Хөгжлийн банкаараа хөгжсөн Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсууд байна шүү дээ.

-Монголын банкны салбар ямар түвшинд явж байна вэ. Зээлийн хүү өсөөд, хадгаламжийн хүү буураад байх юм?

-Манай банкны салбар харьцангуй өндөр түвшинд хөгжсөн. Төлбөр, тооцоо, цахим хөгжлийн хувьд зарим хөгжингүй, бүр хөгжилтэй улсуудтай харьцуулахад ч хамаагүй илүү үйл ажиллагаа, үйлчилгээ явуулж чадаж байна. Зээлийн хүүний тухайд, товчхондоо зээлийн хүү инфляцитайгаа уялддаг. Инфляциа дагана. Тиймээс зээлийн хүү өнөөдөр өндөр байхаас аргагүй. Инфляци өндөр байвал хадгаламжийн хүү өснө. Бага байвал буурна.

Ярилцсан Б.Номин-Эрдэнэ : Өдрийн сонин