АЛДАРТНУУДДЭЛХИЙ

Оросын хүчинд Монголчууд хүн болсон, Оросын хүчээр Хятадаас салсан !!!

Монголчууд итгэл үнэмшил мэдлэг гэхээсээ сэтгэл хөдлөл, гомдол гуниг, өс хонзонгоо гадагшлуулдаг араншинтай. Тэр нь нүүдэлчин өв соёл, нүүдэлчний зан чанараас улбаатай. Сэтгэл хөдлөл нь туйлшрал болж шат ахидаг нь ч үүнийг илтгэнэ.

Харин яг одоо сошиал, зурагтад ил тод харагдаж буй Оросын төлөө, эсвэл Украины төлөө ярилцлага, пост, бичвэрүүд хөвөрч өгч байна. Цаад эздэд нь (нэр хэн бэ гэдэг нь чухал биш) анализ хийхийг хичээе. Украины төлөө нь олонхи учраас дэлхий дахинтай дуу хоолойгоо нийлүүлснийг нь буруутгах боломж алга. Харин нөгөө талд нь туйлширч байгаа, эсвэл гадаад бодлого руу ус цацдаг нөхдийг тольдъё.

Туйлшрагчид бараг бүгд сэхээтнүүд (дээд боловсролтой) байгаа нь сонин биш. Харин яагаад олуулаа байгаа нь сонин. Улс төрд орох гэж, УИХ-д суух гэж хамаг насаа, хамаг хүсэл мөрөөдөл, мөнгөө зориулаад хоосон хоцорчихсон хүмүүсийн бүхэл бүтэн арми байна. Эд бол жинхэнээсээ улс төрийн хонзогчид бөгөөд үүрдийн гомдогсод. Эдний авирлах, хэлэх ярих нь эх орноо сөнөөх, ялагдуулах, дэлхийн олонхийн дуу хоолойг сөрөх, ерөөсөө ертөнц сөнөсөн ч хамаагүй болсон мэт дүр төрхтэй. Яг одоо Орос-Украины мөргөлдөөнд маш ихээр цэц булаалдан уур хилэнгээ Украин ба Өрнөд рүү гаргах аж. Ёстой ганц олдсоных гэсэн шиг тургиж байна. Хөөрхийс, ийм хүмүүс олон байна, ойлгохыг хичээгээрэй!

Туйлшрагч сэхээтнүүдийн дотор дутуугийн зовлон эдлэгсэд, түүнээсээ болж төр-засагтаа гомдогсод олон байна. Өөрөө, эсвэл үр хүүхэд нь хэрэгт холбогдоод ял авчихсан, өршөөлийн хуульд хамрагдчихсан, эсвэл шагнал урамшлаас хоцорчихсон, гавьяат зүүдлээд олддоггүй, өөрөө хөөцөлдөөд нэмэргүй болчихсон хүмүүс уур хилэнгээ сошиалд, эсвэл хурал цуглаан, хэвлэлийн бага хурал дээр гаргахаас яахав. Хөөрхийс, ойлгоорой тэднийг!

Төр-засгийн өндөр албанд байхдаа газрын наймааны хэрэгт ороод, тэр хэрэг нь хаагддаггүй, гэхдээ овоо хэдэн сая дойлуур олчихсон нөхөр дутуугийн зовлон эдлээд явж байгаа гэлцэх юм. Дипломат албанд байхдаа хар бор тамхины наймаанд нэр холбогдоод ял зэм сонссон, ГХЯ-наасаа хөөгдөж байсан, эсвэл архи дарсны асуудлаар шийтгэл амсаж явсан, эсвэл Дипломат албанаасаа юу ч хожиж салаагүй учраас гадаад бодлого руугаа дайрч давшилдаг нөхөд байх юм гэнэ.

 ( Германд хар тамхины хэрэгт холбогдсон Б.Баттүшиг )

Хэнийг нь би тодруулах гэсэнгүй, чих дэлсээд өнгөрлөө. Мөнгөний асуудалд ороод өршөөлийн хуульд хамрагдаад цагаадчихлаа гэсэн нэг нөхөр Дипломат албаны 110 жилийн ойгоор дипломат дээд цолоо ахиулчих санаатай ГХЯ-аар хөөцөлдөөд урамгүй буцсан, тэгээд гадаад бодлого руугаа айхтар дайрагч болчихсон тухай албаны хүнээс сонсоод би гайхаад өнгөрөв. Олон сайхан нөхдөөсөө хэн нэгнийг хардахыг би хүссэнгүй, хэн юм бүү мэд?

Би тэр энэ гэж нэрлэж огтоос чадахгүй ба хардах сэтгэл надад төрөхгүй. Гэхдээ чих дэлссэн, шар хэвлэлд бичигдсэн нөхөд одоо Оросын талд зогсогчид болж хувираад Украин ба Украины ард түмнийг сүрхий харааж цоллоод, мэнчийтэл уурлаад амьтны элэг доог болоод явж байх юм. Энэ бол хөөрхий тэдний итгэл үнэмшил нь биш л дээ. Тэгж ярихгүй бол болохгүй болчихсон олон шалтгаантай болоод л тэр биз. Хөөрхий, тэднийг ойлго!

Дутуугийн зовлон гэдгийг дээр зах зухаас нь дурдлаа. Дутуугийн зовлонгийн хамгийн хөөрхийлөлтэй хэсэг нь эрлийз хурлийз хэмээн ад үзэгдсэн, урд зүгийн гаралтай, түүнийгээ ямагт нууж явдаг, эрлийз төрсөндөө насан туршдаа шаналсан бүлэг хүн байна. Хөөрхий эрлийз хэмээн өөрийг нь мэдчих вий гэсэндээ Оросын төлөө Оросын талд зогсогч болж жүжиглэдэг, Оросын зөв хэмээн муйхраар зүтгэдэг, тэгэхгүй бол болохгүй. Итгэл үнэмшил нь биш юм даа, амиа аргацаах арга нь, тэднийг ойлгож уучилна уу!

Дутуугийн зовлон гэдэг бол “эрлийз”-ээс гадна ерөөсөө байнга сэтгэл дундуур явдаг, амьдрал ахуй, хань ижил нь бүтэлгүй, архинд автсан, эрүүл мэндээ өөрөө сүйтгэсэн, сайн сайхан дотно нөхөддөө атаархдаг, эсвэл үзэн яддаг, “Би тэгсэн!” хэмээн өөрийгөө магтахгүй бол болохгүй болчихсон, эсвэл мөнгөний байнгын гачлантай, мөнгөнөөс болж худалдагдах магадлалтай, эсвэл гадаадын аль нэг улсын ивээлд багтахыг зорьсон, тэр нь аврал болчихсон тийм сэхээтнүүд Монголд олон байна. Тийм комплекс нь яван явсаар гадаадын тагнуулын албанд элсэгдсэн, мөнгө тогтмол ихээр авч байсан болж ялд унадагийг ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч зарласан. Бас хэд хэдэн нөхөр шалгагдаж байгаа гэсэн. Ноцтой шүү!

Оросын талд орж Өрнөд ба АНУ-ыг хараан зүхэгсэд дотор тэр Америк, Барууны ертөнцөд үүрдийн гомдолтой явдаг баахан сэхээтэн байх аж. Хамгийн түрүүн Монгол-Америк, Монгол-Өрнөд Европын найрсаг харилцааны үр шимийг огт амсаагүй, амсах санаатай яваад бүтэлгүйтсэн, тэндээс хөөгдөөд туугдаад ирсэн, эсвэл виз авах гээд чадаагүй, хар тамга даруулчихсан, АНУ, Европт байдаг үр хүүхэд нь өөрсдөд нь дараа болчихсон, байнга гомдол сонссоор байгаад үзэн ядах дээрээ тулчихсан, эсвэл АНУ, Баруунд очоод хоёрдугаар сортын хүн болчихсон, хараар байдаг, ажил төрөл олдоггүй, тиймээс америк, англи, европчуудыг үзэн яддаг, үзэн ядалт нь Оросыг хайрлах сэтгэл рүү түлхдэг гэхчлэн.

Монгол-Зөвлөлтийн найрамдлын тостой сайхан үеийг мөрөөдсөн ахмадуудын арми байнаа. Үхсэн ч сэхсэн ч Оростойгоо хамт, Орост суралцсан, Оросын хоолыг төдөн жил идсэн, Оросын хүчинд монголчууд хүн болсон, Оросын хүчээр Хятадаас салсан тул Оросын талд зогсоод дуусна гэсэн сүрэг хүн. Хөөрхийс, тэдний буруу юу байх билээ, ойлгохыг л хичээе!

Оросын талд зогсогчид дотор Оросын хуягласан суртал нэвтрүүлэгт автчихсан, бүр сүсэглэчихсэн нэг хэсэг сэхээтэн байхад Оросоос ямар нэгэн хожоо хайсан, Оросын энэ хүнд цаг үеийг өөртөө ашигтай эргүүлэх гэсэн, амьдрал ахуйгаа дээрдүүлээд авах гэсэн, эсвэл мөнгөний гачаалтай, мөнгөнд дуртай сэхээтнүүд дотор нь бас байх аж.

НҮБ-д 181 гишүүний 141 нь Оросын эсрэг санал өгчээ. Оросыг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганы тогтоолын төсөлд 96 гишүүн-улс хамтран зохиогчоор оролцжээ. Санал хураалт явагдахад Орос өөрийнхөө төлөө, мөн Белорусс, Сири, Хойд Солонгос, Эритрей ОХУ-ыг хамгаалжээ. “141:5” гэсэн энэ тоог Монгол дахь оросын төлөө дуу хоолойгоо өргөгсөд юу гэж хардаг юм бол?

Төгсгөлд нь хүнлэг ёсоор уриалъя. Оросын талд зогсдог, гадаад бодлогоо эсэргүүцдэг монголчуудаа ойлгож хайрла! Хөөрхий тэд чинь дор бүрнээ түмэн зовлонтой, хүн л юм хойно гуньдаг гомддог, горьддог, өсөрхдөг хорвоо шүү дээ! Бүү тоо!

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү