АЛДАРТНУУДСПОРТ

Монголын сагсан бөмбөг нэг холбоо болж ажиллахаа Ерөнхийлөгчид илэрхийллээ !!!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр холбоод хамтран сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн тэмцээнийг  амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Энэ нь сагсан бөмбөгийн спортынхны дунд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавих эхний алхам болсон төдийгүй энэ спортоор хичээллэдэг, шимтэн үздэг мянга мянган залуусыг баярлуулсан, нэгтгэсэн, идэвхжүүлсэн гэдгийг тодотгов.

Сүүлийн найман жил хоорондоо ойлголцоогүйгээс олон улсын тэмцэээнд оролцож чадаагүй алдаандаа дүгнэлт хийхийг санууллаа.

Талцсан, хуваагдмал байдлаа арилгахын тулд холбоод нэгдэх ёстой. Ингэж байж сагсан бөмбөгийн спортын төрлөөр дэлхийн тавцанд амжилт гаргах боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.
Энэ хүрээнд тал бүрийн оролцоог жигд ханган, төлөөллүүдээ оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ойрын хугацаанд хурлаа хийн дүрмээ баталж, шинэ ерөнхийлөгчөө сонгохыг зөвлөв. Гэхдээ үүнд улс төр орох ёсгүй. Холбоод, дасгалжуулагчид, тамирчид, спортын хорхойтнуудын оролцоотой шийдэгдэх ёстойг анхаарууллаа.

Талцал, хуваагдлаа  хойш тавьж, энэ спортын хөгжил, цаашилбал улсынхаа төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж, аливаа спортод сахилга бат, бие биеэ хүлээн зөвшөөрөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай байх нь чухал гэдгийг тэмдэглэв. Мөн төрийн тэргүүний хувьд шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа хэлэв.

Уулзалтад Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо болон тамирчдын төлөөлөл оролцлоо. Төлөөллүүд Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж, ойрын хугацаанд хурлаа хийн, бүгд хүлээн зөвшөөрсөн дүрэмтэй, удирдлагатай болохын төлөө харилцан ойлголцож ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж : Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар

Харин өмнө нь Сагсан бөмбөгийн дээд лигийн комиссар Б.Ялалт дараах мэдэгдлийг хийгээд байсан юм.

 
Б.Ялалт: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та бөхчүүдийн маргааныг шийдвэрлэсэн шигээ сагсан бөмбөгчдийн маргааныг шийдвэрлэж өгөөч

Сагсан бөмбөгийн дээд лигийн комиссар Б.Ялалт лигийн тэмцээнтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр энэ үеэрээ: “Энэ удаагийн лигийн тэмцээнд 13 баг оролцсон. Лигийн зохион байгуулах баг, комисс маш өргөн бүрэлдэхүүнтэй байлаа. Лигийн түүхэнд анх удаа 20 гаруй шүүгч ажилласан. Польш улсаас 3 шүүгч ирж оролцсон. Алдаа маш бага гарсан болов уу. Сагсан бөмбөгийн холбоодын энэ нэгдэл маань маш амжилттай явж байгаа боловч мөн маш эмзэг байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

Энэ талаар улирлын өмнө болон нээлтийн тоглолтын өмнө ч олон удаа хэлж байсан. Нэг л буруу гишгэж, нэг л алдах юм бол энэ эв нэгдэл задарч, буцаад холбоод тусдаа тэмцээнээ явуулдаг байсан 10 жилийн өмнөх нөхцөл байдал руу шилжих эрсдэл ойрхон байгаа. Тийм учраас зохион байгуулагчдын зүгээс аль болох хүлээцтэй, тэвчээртэй, оновчтой шийдвэрүүд гаргахын тулд маш их хуралдаж, шүүгчдийн зөвлөлтэй зөвлөлдөж ажиллалаа.

2022 онд Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг Азийн наадам, мөн 2025 онд болох Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тэмцээнүүд гэх мэт том тэмцээн хүлээж байгаа. Шигшээ баг маань Олон Улсын Сагсан Бөмбөгийн холбооноос зохион байгуулсан тэмцээнүүдэд оролцохгүй байсан нь нууц биш.

Энэ жил эрх маань сэргэсэн байгаа дээр бид шигшээ багаа, шинэ бүтцээ байгуулах гээд шахуу хувиартай байгаа. Энэ удаагийн эв нэгдэл зөвхөн лигийн тэмцээнээр битгий дуусаасай. Цаашдаа ч бодитоор үргэлжил, шигшээ багийн амжилтанд сайнаар нөлөөлөөсэй гэсэн үүднээс энэ мэдэгдлийг хийж байна. Сагсан бөмбөгийн лигийн комиссар миний зүгээс

Монгол түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Монгол Үндэсний бөхөд гарсан маргааныг шийдвэрлүүлж чадсан шигээ сагсан бөмбөгийн холбоодод ч эв нэгдлийг авраач ээ, яг энэ хариуцлагатай үед таны тусламж, таны зохион байгуулалт, таны шаардлагыг сагсан бөмбөгт хүсэж байна.

Сагсан бөмбөгийн холбоодуудын удирдлагуудыг хүлээн авч уулзаад, шигшээ багийг олон улсын тэмцээнд амжилттай оролцох, тоглогчдын эрх ашгийг хамгаалах тал дээр манлайлал үзүүлээч ээ гэж хүсмээр байна. Хэдийгээр спорт улс төрөөс ангид байдаг ч 10 гаруй жил явагдсан энэ маргааныг эцэслэхийн тулд Ерөнхийлөгч маань оролцох ёстой юм болов уу гэж бодож байна.” гэв.

Гэрэл зургийг МСБХ-ын Дээд лиг цахим хуудаснаас : А.Батзаяа