ДЭЛХИЙСОНИН ХАЧИНТҮҮХ

Занабазар, Галдан бошигттой зөрчилдөж Манжид Монголчуудыг эзлүүлэн 220 жил ДAPЛУУЛCAH !!!

Манжид эзлэгдэхээс өмнө Монголчууд өөрсдийн эв нэгдлээ хадгалахын тулд 1580-аад онд албан ёсоор шарын шашныг дэлгэрүүлж Эрдэнэзуу хийдийг байгуулжээ. Шашны далбаан доор төрийнхөө эв нэгдлийг хангах гэж оролдсон бөгөөд төрийн албан ёсны шашингүй байсан Монголчууд буддын шашныг шүтэж эхэлжээ. Ард түмэн дотоодын дайн байлдаанаас залхсан байсан учраас тайван амьдралыг номлосон буддын шашныг амархан хүлээн авсан төдийгүй асар хурдан түгэн дэлгэрсэн юм.

Манжийн хаан ч шашнаар далимдуулан эзлэн түрэмгийлэх бодлогоо амжилттай хэрэгжүүлсэн билээ. 1616 онд шинэ Манж улсыг байгуулж өөрсдийгөө Умардын Алтан улс гэж нэрлэжээ. 1626 оноос Монгол руу довтолж эхэлсэн бөгөөд эл үед Монгол гурав хуваагдсан байсан төдийгүй дотоодын хямрал дээд цэгтээ хүрсэн байв. Манж улсыг хүчирхэгжин гарч ирэх үед Бат хааны байгуулсан Алтан Ордны улс Оросод ялагдал хүлээж, Чингис хааны байгуулсан Их Монгол Улс гурван хэсэгт хуваагдаад байв.

Энэ гурван улсыг нэг нэгээр нь эзэлж авах бодлогыг манж нар хэрэгжүүлж, эхлээд харчин, хорчинг эзэлж авсны дараа хятадын хойд бүс нутгуудыг эзэлсэн юм. Түр зогсоод байсан довтолгоо нь 1636 онд дахин эхэлж одоогийн Өвөрмонголын нутаг болон хятадын үлдсэн нутгуудыг эрхшээлдээ авч улмаар 1644 онд Бээжинг эзлэн улсынхаа нэрийг Манж Чин улс болгосон бөгөөд “чин” гэдэг нь хятадаар “ариун” гэсэн утгатай үг ажээ.

Хятадыг ийнхүү нэгтгэсний дараа 1644-1691 онд Халх монголыг эзлэх бодлого явуулж зорьсондоо хүрээд дахин нэрээ өөрчилж Манж Дайчин улс болгожээ. Манж нар монголчуудын хооронд яс хаях, албан тушаал оноож, эд мөнгө өгөх зэрэг аргуудыг хэрэглэн тараан бутаргаж 150 жилийн турш байлдаж байж арай гэж эзлэн авчээ. Халх монгол нь Засагт хан, Сэцэн хан, Түшээт хан аймгаас бүрддэг байсан бөгөөд эхлээд Засагт хан, Түшээт хан аймгийг хооронд нь эвдрэлцүүлсэн.

Эл үед Ойрадын хаан Галдан бошигт хүчирхэгжиж, Манжийн Энх-Амгалан хааны хамгийн гол дайсан нь болсон байв. Түүний захирсан Дөрвөн Ойрад нь зүүн Сибирь хүртэл нэлээд нутгийг хамарсан асар уудам нутагт ан гөрөө хийж амьдардаг ойн иргэд байсан бөгөөд Галдан хаан манж нарт ямар нэгэн буулт хийх, тэдэнтэй гэрээ хэлцэл хийх зэргийг эрс эсэргүүцдэг байв. Өндөр гэгээн Занабазар Галдан хаантай үг хэлээ ололцож чадахгүй байсаар аргагүйн эрхэнд 1691 онд Долоннуурт очиж Манжид дагаар орсон нь Галданг Манж улстай нүүр тулан хүч үзэхэд хүргэжээ.

Галдан бошигт хаан (1644-1697)

1696 онд одоогийн Тэрэлжийн Зуун мод гэдэг газар Галдан хаан Манжтай сүүлчийн тулаан хийж ялагджээ. Эл үед Оросод I Петр хаан гарч ирж европын шинэчлэлийг явуулж эхлэн улмаар Сибирь рүү газар нутгаа тэлж байх үед Галдан хаан Оросоос тусламж гуйсан боловч Сибирийг бүрэн өөрийн мэдэлд байлгахыг хүссэн оросууд манж нартай эв найрамдалтай байхын тулд түүнд туслаагүй ажээ. Сибирь гэдэг нь монголчуудын өгсөн нэр бөгөөд тухайн үед “шивэр ой” гэж нэрлэж байсан нь “сибирь” болон хувирсан гэж эрдэмтэд үздэг.

Манж нар Монголыг эзэлсний дараа засаг захиргааны нэгж болох хошуудыг байгуулж, тэдгээр хошууд нь тухайн аймгийнхаа чуулганд харъяалагдан, чуулган нь гурван жилд нэг удаа хуралдаж аливаа хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэж байхаар тогтоожээ. Хошууг ноён захирах бөгөөд зөвхөн өөрийн мэдлийн газрыг Манжийн тогтоосон хуулийн хүрээнд хариуцдаг байв. Хошууны дотор сум хэмээх нэгж байсан бөгөөд нэг сумыг 150 эр гаргахаар тооцож байгуулжээ.

Манжийн хаанаас тусгайлан тамга авч шавь аймаг захирах эрхтэй шашны хутагтууд нэлээд олон байсан бөгөөд өөрийн гэсэн отог захирч, хэрэгцээний бүх зүйлээ отгоос гаргуулан авах эрхтэйгээр улсын чанартай албан татвараас чөлөөлөгддөг байжээ. Манжийн алба татвар нь монголчуудын амьдралыг доройтуулах гол хүчин зүйл болж, тэрхүү алба татварыг эд хөрөнгөөр болон биеийн хүчээр гүйцэлдүүлдэг байв. Эрчүүд цэрэгт явах, өртөө харуулд гэр бүлийн хамтаар дайчлагдан суух, манжийн хааны мал сүргийг хариулах, манжийн засаг захиргааны зардлыг гаргах зэрэг олон алба татварыг монголчууд үүрч байв.

XX зууны эхэн үед Монгол газар нутагт Европ, Америкаас гадаад худалдаачид олноор ирж худалдаа арилжаа хийж эхэлсэн хэдий ч хятадын худалдаа онцгой байр эзэлж монголчуудад бараагаа өндөр хүүтэй зээлж ард түмнийг төлж баршгүй өрөнд унагаж, зах зээл гадаад худалдаачдын гарт орж, Монгол орон зөвхөн түүхий эд нийлүүлэгч болж хувирсан нь үндэсний эдийн засгийн хөгжилд сөрөг үр дагаврыг авчирчээ. Манжийн засаг захиргааны бичээч түшмэдийг бэлтгэх зорилгоор анхан шатны бичиг үсгийн сургуулиудыг байгуулж манж, хятад, монгол бичиг зааж,

манжийн сонирхлын дагуу буддын шарын урсгалыг дэлгэрүүлж, бөө мөргөлийг халж, сүм хийдийн дэргэд шашны боловсрол олгох дацангуудыг ихээр байгуулж хөгжүүлснээр энэтхэг, төвд, хятадын уран барилгын хэв маяг нэвтэрчээ. Манжид эзлэгдсэний дараа Ойрадын Амарсанаа, Хотогойдын Чингүнжав, Хорчины харъяат Сэвдэнбалжир нар бослого гаргаж 3 жил үргэлжилсэн боловч урвагчдын балгаар дарагджээ. Манж нар монголчуудаас агт морь, цэрэг гаргуулж, хятадад гарсан бослогыг монголчуудаар даруулдаг байв.

Манж нар эзлэгдсэн Монгол, Хятад хоёрын дунд хэрэм болон оршиж монголчуудаас зөвхөн татвар ав, харин хятадуудыг Монголын нутаг руу бүү оруул гэсэн зарлиг гаргаж байжээ. Манжийн хаан монголын ноёдыг өөрийнхөө найдвартай түнш болгох зорилгоор 1733 онд тусгай зарлиг гарган тэдэнд өгч байх пүнлүү цалинг тогтоон хэрэгжүүлжээ. Үүнд: Чин ванд 2500 лан мөнгө, 40 хуй торго, 5 хиа дагуулах эрх, Жүн ванд 1500 лан, 20 хуй торго, Бэйлд 800 лан мөнгө, 13 хуй торго, Бэйст 500 лан мөнгө, 10 хуй торго, Гүнд 200 лан мөнгө, 7 хуй торго, Тэргүүн зэргийн тайж, засаг ноёнд 100 лан мөнгө, 7 хуй торгыг жил бүр олгохоор тогтжээ.

1911 онд Монголчууд эрх чөлөөгөө олж 12 дугаар сарын 4-ний өдөр Манж дайчин улсын сүүлчийн амбан сайд Сандо-г Хүрээнээс зайлуулж, Оросын нутгаар дамжуулан явуулжээ. 200 гаруй жил Монгол оронд хяналтаа тогтоож байсан Манж дайчин улс ийнхүү түүхийн хуудаснаас арчигдаж Монгол, Хятад хоёр тусгаар улс болсон түүхтэй. Сандо амбан угсаа гарвалын хувьд монгол цусны нэгэн байсан ба соёл боловсролтой, баруунжсан үзэл санаатай байжээ. Тухайлбал, Хүрээнд анхны бие засах газар байгуулж, зарим нэг гудманд шөнийн гэрэлтүүлэг хийлгэж, сонин хэвлэл хийхийг уриалж, халуун усны газар нээж байсан баримт байдаг.

 ( Зураг дээр Сандо амбан Итали хүний машинд )

Манжийн эрхшээлийн үе нь Монголын ард түмний түүхэнд тохиолдсон хамгийн хүнд хэцүү үе байсан боловч монголчууд өөрсдийн цуцалтгүй хөдөлмөрийн үр дүнд аж ахуй, соёлоо урагшлуулан хөгжүүлж, түүх, зан заншлаа хадгалсаар XX зууны босгон дээр иржээ.

Манж үндэстэн :Манж бол тунгус угсааны нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг эртний зүрчид аймаг байжээ. Их Монгол Улсын үед жижигхэн овог улс байсан бөгөөд тэд YII зуунд Амар мөрний адагт Бохай гэдэг улсыг байгуулж явснаа монголчуудын өвөг болох Хятан нарт цохиулж, дараа нь 1114 онд Умард хятадад Алтан улсыг үүсгэж хүчирхэгжсэн боловч Чингис хааны үе түрэн ирэхэд чимээ сураг тасарсан байна. Хожим 1575 онд Нурхач баатарын удирдлаган дор гурав дахиа хүчирхэгжин гарч ирж одоогийн Солонгос, Хятадыг байлдан дагуулж дараа нь Монголд ноёрхлоо тогтоон 1911 он хүргэжээ.

Ардын хувьсгалаас өмнө монголын удирдагч нь “манжийн хаан” байсан бөгөөд Манж улс түүхэндээ 12 хаантай байсны сүүлийн 6 нь Монголд ноёрхлоо тогтоож байжээ. Хамгийн сүүлчийн хаан Пу И буюу Хэвт ёс нь 1932-1945 оны хооронд 13 жил Японы тоглоомын засгийн газар гэгдэх Манж-Го улсын эзэн хаан байж байгаад Хятадын чөлөөлөх армид олзлогдон олон жил шоронд хоригдон хожим суллагджээ.

Эх сурвалж : Монгол орны лавлах