ДЭЛХИЙСОНИН ХАЧИНТҮҮХ

Чингисийн удам Лигдэн хаанаас ичгvvргvйгээр УPBACAH ар, өвөр Монголын ноёд Манжтай нэгдсэн !!!

Ордос дахь Чингис хааны онгоны дотор цурхиран уйлалдаж, аврал эрж байгаа өвөрлөгчдийг хараад өр зүсэгдэх шиг болов. Өвөрлөгчдийн хамгийн их тахиж шүтдэг Их хааны сүнс тэднийг яагаад ивээсэнгүй вэ? Тэд л Чингис хааныг хамгийн их шүтдэг шүү дээ. Гэтэл үйлийн үр гэж айхтар юм үнэхээр байдаг аж. Өвөр Монголын ноёд Чингисийн алтан ургийн сүүлчийн хаан Лигдэнгээс урваж, харь Манж хаанд дагаар орсон хар түүх бий.

( Чингис хаан 1162 – 1227 )

Өвөр монгол ноёд Чингисийн алтан төрөөс, Чингисийн үрээс ичгүүртэйгээр урважээ. Өвөр ноёд Чингисийн төрийг алт мөнгө, цалин пүнлүүгээр Манж хаанд худалдаж, дагаар оржээ. Тэд Манжийн хаанд урваад зогсохгүй, манж цэргийн гол хүч болж, Чигисийн хойч Лигдэн хааныг сөнөөхөөр Цахарын нутагт цөмрөн ороход Лигдэн хаан цэрэг албатаа аван Хөх нуурын зүг зугтаажээ. Түвдийн өндөрлөгийг хянавал Лигдэн хаан Монголчуудад нөлөөлж, улам хүчээ авч буй Түвд шашны үзэл суртлыг хянаж, Манжид дагаар ороогүй монгол ноёдод хаант төрөөр нөлөөлж болох байв.

( Лигдэн хаан 1592 – 1634 )

Гэвч харамсалтай нь Лигдэн хаан 1634 онд аян замдаа халдварт өвчнөөр нас барж, Чингисийн байгуулсан их төр эмгэнэлтэйгээр төгсгөл болсон гэдэг. Лигдэн хааныг өөд болсны дараа 1636 онд Өвөр Монголын 49 ноён Манжийн нийслэлд цуглан манж хаан Абахайг бүх Монголын хаан болгон ширээнд залжээ. Энэ бол Өвөр Монголын ноёдын үйлдсэн асар том нүгэл байсан юм. Өвөр Монголын ноёд тэрхэн үедээ Манж хааны худ ураг болж, эд баялагт умбаж, Бээжинд ордонд сууж, манж хаанд шадарлаж байсан гэдэг.

( Лигдэн хаан 1603 – 1634 оны хооронд хаан ширээнд суусан )

Өвөр Монголын ноёд Чингисийн угсааны төрөөс бөөнөөрөө урваж, зальхай Манжийг дагах болсны дараа Халхын ноёд цаашид хэрхэх талаар хэлэлцжээ. Энэ үед Халхын хүчирхэг удирдагчдын нэг, Чингисийн удмын Цогт хунтайж эрс шийдэмгийгээр Лигдэн хааны талд зогссон аж. Цогт тайж нь бичиг номд нэвтэрсэн боловсрол өндөртэй, гүн ухааны шүлэг зохиодог хүн байсан бөгөөд Лигдэн хаанд зориулсан шүлгээ алдарт Дуутын хаданд сийлж үлдээжээ. Цогт тайж, Лигдэн хаан нар тухайн үеийнхээ соён гэгээрүүлэгчид байснаараа бусад ноёдоос эрс ялгарч байжээ.

( Цогт хунтайж 1581 – 1637 )

Лигдэн хаан монголчууд бурханы шашны номлолыг өөрийн хэлээр судлах ёстой гэж үздэг хүн байжээ. Иймд тэрээр буддын шашны Ганжуур, Данжуур хэмээх хоёр их хөлгөн судрыг ихээхэн хөрөнгө хүч зарж монгол хэл рүү орчуулуулсан байна. Цогт тайж энэ тал дээр Лигдэн хаантай адил бодолтой хүн байжээ. Хэрэв монголчууд эх хэлээрээ шашны номыг судалдаг болбол монголчууд Төвдийн шарын шашны нөлөөнд автах нь багасах учиртай аж. Гэтэл энэ нь буддын шашны номыг монголчуудад түвд хэлээр зааж, Монголыг оюун санаагаар нь удирдах гэсэн Түвдийн шарын шашныхны дургүйцлийг хүргэв.

Ингээд Төвдийн шарын шашныхны явуулгаар Далай ламын шашныг дагагч монгол ноёдын хувьд Лигдэн, Цогт нар “шашны дайсан” болж хувирсан аж. Өнөөгийн шарын шашны урсгалын монгол лам нар ч Цогт тайжийг “шашны дайсан” гэж үздэг. Ямар ч цаг үед “шударга эх орончид” ийнхүү ганцаардан шахагддаг ажээ. Нэг талаас Манжийн хаан болон Манжид урвасан ноёддоо шахагдсан Лигдэн, нөгөө талаас Чингисийн төрдөө үнэнч байж, Төвдийн шарын шашны оюун санааны түрэлтэд шахагдсан Цогт хунтайж нар хоюул тэмцэл хийх боломжит нутаг Хөх нуурын зүг цэргээ дагуулан хөдөлсөн ч зорьсондоо хүрэх хувь дутжээ.

( Цогт хунтайж 1581 – 1637 )

Ноёд нь Манжид урван, өөрөө хавчигдан зугтсан Лигдэн хаан хүчээ сэлбэж амжилгүй халдварт өвчнөөр нас баржээ. Харин Түвдийн Далай ламын зарлиг бүрийг үнэнчээр дагагч Ойрадууд өөрийн “эзэн” Далай ламаа аврахын тулд Цогт тайжийг цэрэглэн, байлдаж хөнөөжээ. Хувь тавилан Чингисийн их төрдөө үнэнч байсан эх оронч баатруудад хэтэрхий хатуу хандсан нь энэ бөлгөө. Цогт тайж эх орныхоо төлөө хэрхэн тэмцсэнийг “Цогт тайж” хэмээх уран сайхны кинонд харуулдаг билээ. Энэ киног үзэл сурталжсан гэж лам нар шүүмжилдэг боловч кинонд гарч буй хүмүүс, үйл явдлын ихэнх нь үнэн бодитой юм.

Цогт тайж бол уг кинонд харуулсан шиг үнэхээр Чингисийн хаант төрдөө үнэнч, цогтой эх оронч байжээ. Лигдэн хаан замдаа нас барсан тул Цогт тайж Түвдийн өндөрлөг Хөх нуурт түүнтэй хүчээ нэгтгэж чадсангүй. Тэр үед Далай ламын эсрэг тэмцэгч бүлэглэл болох Түвдийн улааны шашныхан түүнээс дэмжлэг хүсчээ. Цогт тайж улааны шашныхантай холбоолж, Монголд даяар хэтэрхий нөлөөтэй болж, хэрэг дээрээ монгол ноёдын “эзэн” нь болж буй Далай ламыг сөнөөхөөр цэргээ илгээсэн ч гол хүчийг нь захирч байсан түүний хүү Арслан тайж Далай ламд урвасан байна.

Тэрээр төрсөн хүүгээ үл өршөөж цаазалсан билээ. Тэр гэр бүлээсээ төрт улсынхаа эрх ашгийг дээдлэн хүүгээ цаазалсан нь жинхэнэ эх орончийн үйлдэл байв. Цогт тайж киноны зохиолыг их эрдэмтэн Б.Ринчен бичсэн нь бас л сонин хувь заяа аж. Цогт тайжийн өшөөг авч байгаа мэт шарын шашны сүм хийдийг үгүй хийсэн Х.Чойбалсан их эрдэмтэн Б.Ринченд эх орончийн тухай кино зохиол бичихийг даалгажээ. Гэхдээ Чойбалсан байлдан дагуулагч эзэрхэг хаад бус, харин Монголын төлөө зүтгэсэн хэн нэг эх орончийн түүхээр зохиолоо бичихийг хүсжээ.

( Билгүүн номч Б.Ринчен 1905 – 1977 )

Ринчин бодож байгаад Цогт тайжийн талаар зохиол бичихээр болсон байна. Гэтэл Б.Ринчен өөрөө Цогт хунтайжийн удам байсан нь хувь заяаны тохиол байсан гэлтэй. Өвөр Монголын ноёд Манжид урваж, бусад монгол ноёд нь өөрийн төрөө бодохгүй Түвдийн Далай ламын “дуулгавартай үйлчлэгч” болж байсан тэр хар бараан цаг үед Чингисийн удмын сүүлчийн хаан Лигдэн ямар их ганцаардаж байсан бол. Харин тэр цагт Лигдэн хаандаа Халхын хунтайж Цогт тайж ганцаараа үнэнч үлджээ. Тэд ганцаардаж, хүч тэнцвэргүй тэмцэлд мөхсдөж, дайсандаа ялагдсан.

( Билгүүн номч Б.Ринчен 1905 – 1977 )

Гэвч өнөө цаг үеээс харвал тэднийг дийлж байсан дайснууд хожим бүгд бууран доройтох буюу мөхжээ. Манж улс, манж үндэстэн мөхжээ. Төвд Хятадын эрхшээлд тарчилж, лам нар нь өөрөө зулын гол болж байна. Цогт тайжийг хөнөөж Түвдэд эзэн суусан Хошуудын Төрбайхын үр хойчис, албат нь ихэд бууран доройтож Түвдэд үндэсний цөөнх болсон ба хятад, төвдүүдэд гадуурхагдаж яваагаа Монгол улсаас ирсэн хүнд ярьсан байдаг. Гэхдээ хамгийн хэцүү хувь тавиланг өвөр монголчууд туулжээ. Тэд Маогийн соёлын хувьсгалаар хятадуудад хядагдаж, газар бэлчээргүй болсон.

Одоо тэд гишгэх газар байтугай ярих эрхгүй болж байна. Их хаанаа гомдоосон Өвөр Монгол ноёдын хойчсийг Лигдэн хааны сүнс харж ивээхээ больсон юм болов уу? Гэм үйлдсэн ноёдын хойчсыг Лигдэн хааны сүнс уучлан өршөөх болтугай.

Харин Чингисийн их төрд үнэнч үлдсэн Халхын Цогт тайжийн шударга тэмцлийн ачаар Чингис хаан тэнгэрээс Ар Халхыг ивээж байгаа нь гарцаагүй билээ. Өвөр Монголчууд Чингисийн онгонд мөргөдөг, харин Халхчууд Чингис хааны төрсөн нутгийг сахидаг. Ялгаа асар их байна. Чингис хааны төрсөн нутгийг сахин үлдэж, сүүлчийн их хаанд үнэнч байсан Цогтын тайжийн хойчсыг Их хаан үүрд ивээг.

( Чингис хаан 1162 – 1227 )

Түүх судлаач Э.Амар