ДЭЛХИЙСОНИН ХАЧИНТҮҮХ

Их Монгол Улсын задрал буюу хаан ширээний төлөөх ширүүн тэмцэл !!!

Их гүрний задрал

Чингис хааныг мэндлэхээс өмнө Монголын олон овог аймгууд хоорондоо дайтаж, нэг нэгнээ хэмлэж байсан бөгөөд Хабул, Хотула, Амбагай сэцэн хаадын үед Хамаг Монгол аймаг илүү хүчирхэгжин, Алтан улстай дайтаж алба гувчуур авч байхаар болж байлаа. Алтан улсын явуулгаар Амбагай хаан нас барсны дараа Есүхэй баатар олноос онцгой байж олон овог аймгуудыг нэгтгэхээр тэмцэж байсан ч мөн л Татаруудад хорлогдсоноор хаан ширээний төлөө өрсөлдөөн улам ширүүссэн.

Зол болоход Чингис хаан Монголын олон овог аймгуудыг нэгтгэж, Их Монгол улсыг дэлхийн цээжинд тунхаглах хувьтай байж. Чингис хаан өөрийн авъяас чадвараар олноос онцгойрсоор 1189 онд Хамаг Монголын хаан болж, хожмоо 1206 онд олон овог аймгуудыг нэгтгэсэн Их Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөн юм. Их Монгол улс хүчирхэгжин тэлэхийн цагт хөрш зэргэлдээ олон улсуудтай байлдан агуу их эзэнт гүрэн болоод вассаль улсуудыг бий болгожээ.

Нууц товчоонд бичсэнээр Сартуул иргэнийг дайлаар мордохын өмнө хатан Есүй хэлэхдээ : Төрсөн бие түлбэрэх. Түмэн амьтны хуулийг. Төгс ухаандаа санаасай. Уул мэт бие чинь. Нурж одвол. Улс олон Монголыг чинь Хэн захирах юм бэ? Хэмээн өгүүлсэнд . . .

Чингис хаан Зүчийг үг хэл хэмээхэд, Цагадай “Зүчийг үг хэл хэмээн юунд Зүчийг томилох гэж байна. Энэ мэргэдийн орхидост бид захирагдах гэж үү” хэмээн ширүүнээр хэлдэг. Энэ бол Их гүрний хоорондын задралын анхын уг үндсийн нэг мөн хэдий ч тухайн үед Өгөдэйд хаан суудлыг өгөх болж, бүх Вассаль улс түүнээс тушаал заавар авахаар болдог. Хожим Их эзэн тэнгэрт хальж Өгөдэй хаан ор суусан ч 1241 онд өөд болсных нь дараа хаан ширээний төлөө хэсэг ширүүн тэмцэл болж 1246 онд Гүюг хаан ор суусан.

Энэ нь Бат хаан болоод хэд хэдэн алтан ургийн ноёдын дургүйцлийг төрүүлдэг төдийгүй тэрээр Бат хааны зүг 1248 онд цэрэглэн хөдөлж байгаад нас барсан хэмээн түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэн үлдсэн байдаг. Тэдний өш хонзон бүүр өмнө Баттай хамт байлдан эзлэх үйл хэргийн үеэр бий болсон гэдэг. Гүюгийн өөд болсны дараа Бат хаан Мөнхийг хаан ширээнд өргөмжлөхөд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Хожим төрсөн ах дүү хоёрын хооронд их хааны суудлын төлөөх тулаан Хубилай болон Аригбөхийн хооронд явагдсан ч энэ нь 1260 онд болсон Дербентийн хөндийн тулааны хажууд ач холбогдлоороо маш бага байсан юм. Учир нь Дербентийн хөндийд болсон Хүлэгү болон Бэрхийн хоорондох тулаан их гүрний задралын хамгийн том шалтгаан юм.

Дербентийн хөндийн тулааны учир шалтгаанууд

Монголын түүхийн бахдалтай, гайхалтай баримтуудаас уншихад хамгийн сэтгэл эмтрэм болоод харамсалтай гэж хэлж болохоор түүхэн он цаг бол 1260 – 1265 оны үе юм. Учир нь энэ цаг үеүүдэд Монголын тал нутагт төрсөн ах дүү хоёр хаан ширээний төлөө тэмцэлдэж, Хубилайн ялалтаар өндөрлөж, тэрээр хууль ёсны хаан болдог. Энэ нь ач холбогдлоороо сөрөг нөлөөг тодорхой хэмжээгээр авчирсан ч баруун Азид буюу Ил хаант улс болоод Алтан ордны улсуудын хоорондох эвдрэлцлийн хажууд өчүүхэн зүйл байсан юм.

Бат хаан дүү Бэрхийн хамт олон түүхэн дайн тулаан хийж, Их Монгол Улсын газар нутаг ч өргөжин тэлсээр урд хожид байгаагүй их эзэнт гүрнийг байгуулалцсан юм. Хожим нь Бат хаан өөд болж түүний хүү Сартаг хаан ширээг залгамжлан авсан ч удалгүй өөд болов. Улмаар Батын дүү Бэрх Алтан ордны улсын хаан ширээнд суудаг. Мөн баруун өмнөд Азийн нутгаар Хүлэгү хаан ч адил агуу дайн тулаан хийсээр Ассасинчуудыг мөхөөж, цааш явсаар Багдад хотыг түйвээдэг.

Багдадын түйвээснийг Исламын шашинд орсон Бэрх ихэд дургүйцэн хүлээж авдаг бөгөөд түүнээс Исламын шашинд хүндэтгэлгүй хандсаных нь төлөө хариугаа авахаа амласан гэдэг. Тэдний хоорондын үл ойлголцол Хүлэгү хааны Мамлюкууд руу довтлох шийдвэрээр бүр гүнзгийрдэг бөгөөд энэ үед Хүлэгү хилийн орчим нөхцөл байдал эвгүйтсэнийг бодоод их цэргээ аван буцдаг. Мөн Мөнх хаан ч тэнгэрт хальсан учир Хэт Буха жанжиндаа цөөн цэрэг үлдээсэн байна.

Хэт Буха жанжин ч Айн Жалутад ялагдал амссанаар Хүлэгү үнэнч жанжиныхаа өшөөг авахаар андгайлсан ч Бэрхтэй Одоогийн Азербайжаны нутаг, Дербентийн хөндийд тулаан хийх нөхцөл нэгэнт бүрдсэн учир Мамлюкуудыг орхисон юм. Мамлюкийн хаан Кутузыг хороож хаан ор суусан Бэйбарс шинэ султан болмогцоо Хүлэгү болон Бэрхийн хооронд үл ойлголцол бий болж байгааг овжиноор ашиглан, Бэрхэд захидал илгээсэн бөгөөд Хүлэгү хаан Исламын шашинд маш хатуу хандаж байна хэмээн яс хаях оролдлого хийсэн нь амжилттай болсон.

Шашны асуудлаас гадна хамгийн чухал нэг асуудал байсан нь Хүлэгү болон Бэрх нар одооны Азербайжаны газар нутаг буюу Алтан ордны улс, Ил хаант улсын хоорондох газрыг булаацалдан муудалцсан юм. Мөн Бэрх хаан Алтан ургийн хаадаас хамгийн ахмад нь байсан учир Хүлэгүгийн ажилд хөндлөнгөөс их оролцох болсон ч гэдэг. Ингээд нэгэнт Дербентийн хөндийд их Монголын эзэнт гүрний задрах үүдийг нээсэн түүхэн тулаан болох нь тодорхой болсон юм.

Дербентийн хөндийн тулааны үйл явц

Дербентийн хөндийн тулаан болох нь тодорхой болсон бөгөөд тэд өөрсдийгөө машид хүчирхэг болсныг мэдэрч байлаа. Энэхүү түүхэн тулаан нь тухайн цаг үедээ хамгийн том байлдаан гэж хэлж болохоор байсан юм. Учир нь Алтан ордны улс болоод Ил хаант улс нь тухайн цаг үедээ хэнд ч дийлдэшгүй улсууд байсан бөгөөд энэ дайнаас өмнөх 40 жил нь аль аль талдаа агуу их ялалтуудаар дүүрэн байсан юм.

Нэг нэгэндээ дайн зарласнаас хойш 6 сар өнгөрөхөд бүх зүйл жин тан болж Хүлэгү хаан бүх цэргээ цуглуулан Каспин тэнгисийн хойд хэсэг Дербентийн хөндийд хүрэлцэн ирсэн нь энэ газар хоёр улсын хил байсныг гэрчилнэ. Энэ үед Бэрх хаан ч өөрийн цэргээ авч бараг ирээд байсан бөгөөд түүний цэрэг Хүлэгү хааны цэргээс ялимгүй их байсан гэдэг. Түүхэн эх сурвалжид бичсэнээр Хоёр талаас нийт 600 зуун мянган гаруй цэрэг цугласан байсан юм.

Энэ нь урд өмнө нь Монголын цэргийн түүхэнд ч байгаагүй их цэрэг бөгөөд тухайн үедээ энэхүү хоёр агуу улсаас гадна Их Юань гүрэн л тэднээс илүү байх боломжтой юм. Цугларсан их цэргүүд удалгүй нэг нэгнийхээ өөдөөс сум тавьж эхэлсэн бөгөөд удалгүй их цэрэг хоёр талаас нийлж тулалдаж эхэлсэн юм. Ийнхүү Дербентийн хөндийд нэгэн зорилгын төлөө их байлдан дагуулал хийж байсан Бэрх, Хүлэгү хаад, нэг цустай Монгол үндэстнүүд бие биенээ хайр найргүйгээр өсөрхөн устгаж байв.

Удалгүй Бэрх хааны талын хүч суларч аргагүйдэж зугтахад хүрч, Хүлэгү хаан ч араас нь нэхэн хэсэг талалцаж байгаад дайн зогссон юм. Хэдийгээр нөхцөл байдал Хүлэгү хааны ялалтаар өндөрлөсөн мэт боловч үнэндээ аль аль тал нь байлдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсноор энэхүү тулаан дууссан бөгөөд үүнээс хойш ч хэд хэдэн удаа Алтан ордны улс болоод Ил хаант улсууд хоорондоо тулалдсаар байсан.

Энэхүү дайн 15-р зууны дунд үе хүртэл буюу 200 орчим жил үргэлжилсэн юм. Хүлэгү хаан 1265 онд нас барсан бол Бэрх Хаан түүний залгамжлагчтай тулалдаж байхдаа 1266 онд нас баржээ.

Нийтлэл бичсэн Ю.Энхзориг