ДЭЛХИЙСОНИН ХАЧИНТҮҮХ

Монголчууд түүх, соёлоо хадгалж, эх нутгийнхаа байгалийг унаган төрхөөр нь ХХ зуунд үлдээж чадсан хосгүй үндэстэн !!!

Түүхийн бодит явцаар, олон мянган, олон зууны үр дүн болж Монгол угсаатан бүрэлдэж төлөвшжээ.
Монгол угсаатны өөрийгөө таньсан, хамгаалсаар байсны ачаар Хүннү улс буй болжээ. Өөрийн гэсэн газар нутаг, хил хязгаартай, өөрсдийгөө тэжээх аж ахуй, үйлдвэрлэлтэй, мөн өөрийн гэсэн хэл, соёлтой, ёс заншилтай, өвөрмөц хийц, загварын гэр орон, хувцастайгаар өвөг дээдэс маань Төв Азийн цээжинд “өндийн босчээ”. Тэгэхдээ бүр нохойтой, зургаан хошуу малтай, уналга ачилгын бод малтайгаа босож иржээ.

Мал аж ахуйг нүүдлээр эрхэлдэг, ан авыг морьтойгоо, нохойтойгоо хамтран хийдэг, халуунд ч халширдаггүй, хүйтэнд ч бээрдэггүй, уул усаа хайрладаг, нар, сар, галыг шүтдэг, эр эмгүй эрэлхэг, элгэмсэг, өтгөс хөгшдөө хүндэтгэдэг, найрсаг, зочломтгой нэгэн ард түмэн ийнхүү буй болжээ.

Хүннүчүүд гэх нэрийн дор олон зууныг элээж аж төрсөөр, орчин тойрныхоо нүүдэлчдийг хаман нэгтгэсээр эзэнт гүрэн болон томорч, Төв Азидаа жанжилж, Өмнөдийн томчуудтай эн чацууран, эвлэж, бас эвдэрч ч явжээ.

Хүннү, Сүмбэ, Нирун, Кидан, Их Монгол улс, Чингисийн эзэнт гүрэн гэсэн их замын уртад, цаг цагийн нөлөөнд монгол угсаатан өөрийгөө хадгалсаар, гэртэй, малтай, банхар нохойтой, хөнжил болдог дээлтэйгээ, хөл залгуулдаг морьдтойгоо үлдсээр, явсаар, дордсоор, сэхсээр л байжээ. Энэхүү их замын уртад, их цагийн туршид монголчууд бусад ард түмэнтэй нэгдэж нийлж ч явж, салж тусгаарлаж ч байж, гэхдээ л тэд монголоороо л үлдсээр өнөөг хүрчээ. Ийм угсаатан тийм ч олон биш нь үнэн юм. нэг хилийн дээсэн дотор, нэг газар нутгийн зай талбайд уугуул үндэстэн нь мөхөж, устаж суугуул иргэд, хариас ирэгсэд нь эзэн болчихсон баримт болон бий.

Монголчууд өвөрмөц нэгэн угсаатны хувьд өөрийгөө хадгалсаар ирсний учир, шалтгаан мэдээжээр олон хүчин зүйлээс хамаарсан нь тодорхой юм. Гэхдээ энд гол үүргийг гүйцэтгэсэн хоёр нөхцөл, шалтгааныг онцолж үзэх ёстой.

НЭГДҮГЭЭРТ, монголчууд овог, элкэнээ, эх түүхээ мэддэг, мартдаггүй, хойч үедээ аман болон бичгээр өвлүүлэн үлдээсээр байжээ.

ХОЁРДУГААРТ, монголчууд өвөг дээдсийнхээ бүтээсэн биет болон биет бус соёлын их өв санг хадгалсаар, хамгаалсаар, дээдэлсээр, залгамжилсаар өнөөг хүрчээ.

Тухайн улс орон, ард түмний чухам хэн болохыг нь илтгэн харуулдаг гол хүчин зүйлс бол

НЭГД, эх түүх нь, ХОЁРТ, бүтээсэн материаллаг болон оюуны соёл нь билээ.
Эх түүх нь хүн төрөлхтний түүхтэй чацуурч очихоор урт, бүтээсэн соёл нь хэмжээ ба чанараараа дэлхийн томчуудтай эгнэж байрлахаар их бол тэр үндэстэн, ард түмнийг их үндэстэн, том үндэстэн гэж үздэг ажээ. Чухамхүү энэ шалгуурыг баримтлан ангилж, дугаарлаад судлаачид Их Египет үндэстэн, Их Хан үндэстэн, Их Грек үндэстэн, Их Энэтхэг үндэстэн, Их Япон үндэстэн, Их Монгол үндэстэн гэхчилэн үнэлдэг, бичдэг болоод байна. Олонхи судлаач эдүгээ монголчууд бол дэлхийн хэмжээнд эхний аравт орох том, эртний үндэстэн мөн гэж үзэх болов. Монголчуудыг эхний дөрөв дэх том үндэстэн хэмээсэн санал ч бас бий ажээ.

Тоогоор цөөхөн ч гэсэн бүр XIII зуунд дэлхийг бараг бүхэлд нь эзлэн захирч байсан үндэстэнг том биш гэвээс өөр аль ямар үндэстэнг том гэх болж байнаа? хэмээн асуудаг түүхчид ч буй. Үндэстэнгүүдийг их, бага гэж ангилахад юуны өмнө тэдний дэлхийн түүхэнд гүйцэтгэж чадсан үүрэг, ролиор нь үнэлэх ёстой биз ээ. XXI зууны эхэн үед ч гэсэн монголчууд НҮБ-ын гишүүн нэг тусгаар улс, мөн их Орос, их Хятад улсад 4-5 автономит Бүгд Найрамдах улсын хэмжээнд оршин буй болно… Цөөхөн тоотой мөртлөө шүү!

Даяаршлын үед улсууд нь байсан ч гэсэн харин угсаатан, үндэстнүүд нь алга болох, мөхөх үзэгдэл шинээр бий болох магадлал өндөрсөхнээ. Монгол угсаатныг монгол болгож байсан өвөрмөц үнэт зүйлүүд бүгд алга болчихвол монгол угсаатан гэгдэх хүмүүс ч бас алга болно. Нэг угсаатныг нөгөөгөөс нь ялгаруулдаг өвөрмөц, сонихон үнэт зүйлүүд угсаатан болгонд байдаг.

Олон угсаатан буй болж, олон янз соёлыг бүтээж, үнэт зүйлүүдээсээ харилцан суралцаж, сонин хачин бүхнээ солилцож, хэн хэнээ шинэ шинэ зүйлсээр баяжуулж, гайхшруулж, хэн хэнийхээ таних, бүтээх чадавхад сайнаар нөлөөлж байх нь хүн төрөлхтөнд өөрт нь тун ч хэрэгтэй, ашигтай байжээ. XXI зуунд ч гэсэн хүн төрөлхтөн ийм хэрэгтэй, ашигтай, олон янз байдал, соёлоо хэвээр нь хадгалах ёстой. Ингэхийн тулд үндэстэн бүхэн түүхэн уламжлалт үнэт зүйлсээ сэргээж, шаардлагатай аваас эдүгээжүүлж, сонин содон бүхнээ ил болгон сурталчилж байх нь чухал юм. Жишээ нь Монголын морин хуур, уртын дууг япончууд ихэд сонирхож, судалж, олон мянган хүн сайн дураараа морин хуураар хөгжимдөж сурч байна. Япон орны дуу, хөгжим морин хуурын сайхан ая эгшгээр баяжиж, чимэглэгдэх болжээ.

Үндэстэн бүхэнд зөвхөн манайх, зөвхөн биднийх гэгддэг үнэт зүйлүүд байдаг. Тэдгээр үнэт зүйлийг нэг хэсэг нь материаллаг биет зүйлүүд, харин нөгөө хагас нь материаллаг бус, биет бус соёлын зүйлүүд юм. Жишээ нь монголчуудын хувьд монгол гэр, таван хошуу мал, банхар нохой, монгол дээл, монгол гутал ямар дотно санагддаг билээ дээ. Жилдээ нэг зохиогддог үндэсний их баяр наадам, цагаан сарын зан үйл монгол хүний оюун санааны амьдралд ямар их тааламжтай байж, яаж удаанаар дурсагддаг билээ. Дэгжин эмээл, ганган хазаартай дүүхэлзэн зогсоо хүлэг сайн морийг хараад сэтгэл сэргэдэггүй монгол хүн гэж үгүй. Соёолон морьдын тоосонд орох, хөлсийг дээдлэх сэтгэл зөвхөн монголчуудад л байдаг.

Манай өвөг дээдэс ан гөрөөгөөр амьдарч байх үедээ чоныг гаршуулж нохойтой болжээ. Энэ цагаас нэлээд хожуу аргаль, янгирыг гаршуулж, гэршүүлжээ. Ингээд нохой маань анч бас хоточ болсон түүхтэй. Зэрлэг амьтдыг гаршуулж, гэршүүлэх соёл магадгүй бидний өвөг, дээдсээс л эхлэл, улбаатай байсан болов уу, Амьдралын ийм хэрэгцээ, шаардлага нүүдэлчид, анчдын хувьд л хамгийн хүчтэй, бас боломжтой байсан нь үнэн юм. Ингэж л мал, нохойг эрхэмлэх онцлог шинж бидэнд буй болсон ажээ.

Монголчуудыг их азтай хүмүүс, ард түмэн гэж нэрлэж болох юм. учир нь монголчууд өөрсдийгөө, бүтээсэн соёлоо, эх түүхээ хадгалж чадсанаар барахгүй эх нутгийнхаа байгалийг бараг л унаган төрхөөр нь ХХ зууны эцэс хүртэл үлдээсэн хувь заяатан юм.

XXI зууны эхэнд зэрлэг тэмээ, зэрлэг адуу, зэрлэг хонь, зэрлэг ямаа, хулангийн сүрэг, зээрийг сүрэг, мазаалай мэттэйгээ байж байгаа нь тун ч сайхан баримт билээ.
Монгол хүн морин дээр насыг элээхдээ үргэлж л бодож, бясалгаж явдаг онцлогтой. Өнгөрснөө дурсаж, өнөөдөртэй холбон бодлогоширч, лавлуулаад маргааштай золгон бясалгаж явсаар замын уртыг, давааны өндрийг туулдаг билээ.

Сэргэлэн дэнж дээр ярайх гэрүүд, хөндий дүүрэн налайх сүргүүд, морин хуурын уянгалаг, эрдүүн ая, эгшиг, гүүн зэлний танил, дотно үнэр, намар цагийн хонь, хурганы нийлэх, майлах уярам их нүргээн зэрэг нь монгол хүний нүд, чихийг мялааж Монголоо гэх сэтгэлийг хөглөж, бадрааж байдаг.

Хүннү, Сүмбэ, Нируны үеэс л монголчууд баярлаж цэнгэхдээ хөх тэнгэртээ сүсэглэж, уул усандаа мөргөж, эцэг эх, ахмадуудтайгаа золгож, ая дуу барьж, бүжиг наадам хөгжөөж иржээ. Тэр цагт монголчууд аль нэгэн шашин сурталд нийт олноороо автаагүй, оюун санааны амьдрал нь шашинжаагүй, мухар сүсэг, сохор итгэлд захирагдаагүй байсан онцлогтой. Монгол хүний хувьд хүрээлэн буй байгаль, амьдралын нь ахуй, орчин, өөрсдийн нь бүтээсэн соёл, уламжлалт ёс, заншил л эрхэм, чухал байжээ. Одоогийнх шиг ахуй, амьдралын бүхий л үйл хөдлөлөө сар, өдөр, цаг, зүг чиг, мэнгэ, суудал, ивээл, хорлол, жил, нас мэттэй холбож, ламаас асууж, засал хийлгэж, тарни уншиж, сахиус зүүж, залбиран залбирсаар эхэлж, үргэлжлүүлж, төгсгөж байсангүй. Товчхон хэлэх, дүгнэх аваас тэр цагт монголчуудын оюун санааны амьдрал элдэв мунхрал, төөрөгдлөөс чөлөөтэй, эрүүл байжээ. Орчин цагийн ойлголтоор бол тэр цагт өвөг дээдэс маань тус тус хувийн өмчтэй, чөлөөт иргэд байв. Тэд маань боол биш, хамжлага биш, хөлсний ажилчин, зарц биш, бас мухар сүсэгтэй биш байжээ. Чухам ийм дээрээс тэдний дуулал, мөрөөдөл нь “Дээрээ эзэн байдаггүй, дэргэдээ албат байдаггүй чөлөөт хүн, үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж хорин таван настайгаа байдаг ариун бумбын орон” байлаа. Шашин суртлаас хол, ангид байхдаа нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл, ёс суртахуун, хүмүүнлэг энэрэнгүй үзэл, заншил дээр дурдсан онцлог шинжүүдтэй байжээ.

Улс орон, ард түмэн бүхэн өөр өөрийн түүхэн уламжлалт ахуй, байдлаа хадгалж, өөр өөрийн соёл, ёс, заншлаараа аж төрж, дэлхийн хэмжээнд эе эв, энх тайвныг сахиж амьдрах нь хүн төрөлхтний явах, замнах ёстой тэр гол зам, зөв чиг мөн юм. Элдэв шашин, элдэв -изм зөвхөн л ус болж байснаас биш, тус болж байсангүй.

Элдэв -измыг хатуу баримталж ард түмнээ дэглэдэг, дарамталдаг улстөрийн намууд, элдэв бурхадыг шүтэж мухар сүсэгт уриалдаг шашнуудын аль аль нь алс ирээдүйд хүмүүсийн оюун санааны амьдралаас зайлуулагдах болно. Тэр цагт хүмүүс хүмүүнлэг ч гэж хачин, хүмүүжилтэй ч гэж хачин, эрхээ ч зөв эдэлдэг, үүргээ ч ягштал биелүүлдэг, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг л дээдэлж амьдардаг болчихсон байх бий вий.

“Монголчууд бид үндэснийхээ өвөрмөц үнэт зүйлс, соёлоо хаяж, гээж болохгүй” гэхлээр бөө мөргөлөө сэргээе, галаа тулганд түлье, айргаа нэг хулаар тойруулж ууя, уйгаржин монгол бичгийг сэргээж төрийн бичиг болгоё гэх мэт хэмжээ, түвшинд ойлгодог, ярьдаг хүмүүс ч буй болжээ. “Өсөхөөс сурсан эх хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” хэмээх хэллэг, ойлголт бол монгол хэлний тухай болохоос биш түүнийг тэмдэглэсэн үсэг, бичгийн тухай биш билээ. “Уйгаржин монгол бичиг” гэж уйгараас авсан үсэг, бичиг хэмээн шууд, ил хэлж байгаа мөртлөө манай үндэсний бичиг, үсэг гэж нэрлэх нь буруу шүү дээ. Хувилай хаан дөрвөлжин үсэг зохиолгож, Занабазар соёмбо үсэг зохиож “үндэсний үсэг, бичигтэй” тэмцээд, устгах, орхих гээд байсан болж таарахнээ?… Монгол хэлээ, эх хэлээ бид ямар ч үсэг, бичгээр тэмдэглэж, бичиж, уншиж болноо доо? Эх хэл маань чухал болохоос биш түүнийг тэмдэглэдэг үсэг, бичиг чухал биш юм. Гэтэл манай өнөө цагийн хэлзүйчид мэдлэгтэнгүүд биш мэдэмхийрэгчид болчихсон юмуу гэхээр аашлах болсны цаана нь юу нуугдаж байна вэ?

Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, юм үзэж нүд тайлсан эрдэмт хүн тэр өндөр, дээд түвшнээсээ Монголын гэсэн бүхнээ улам бүр төгөлдөржүүлэхийг л хичээдэг болохоос биш бусад улс үндэстний үнэ цэнтэй зүйл, ололтуудыг шууд хуулбарлан авах, сармагчин мэт дууриахыг урьтал болгодоггүй. Гэтэл өнөө үед Монголоор нэг хуулбарлагчид, дууриагчид буй болчихлоо. Яг тийм өрөөсгөл бодолтонгууд боловсролын системийг 30-аад жил үймүүлчихлээ. Нэг сайд гарч ирээд л 4 жил үймүүлдэг. Удаах нь гарч ирээд 4 жил тоглочихдог боллоо. Тухайн сайдын бодлого, шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг, манай орчин, нөхцөлд хэр нийцтэй болохыг нам нь ч, яамны хамт олон ч тун няхуур авч үзэх, хэлэлцэх үүрэгтэй шүү дээ. Энэ талын ажил яам болгон дээр маш их үгүйлэгдэж байна.

Үндэснийхээ үнэт зүйлүүдийг, өвөрмөц, онцгой зүйлүүдийг, зөвхөн л Монголын, бидний гэгдэх зүйлүүдийг авч үлдэх, сэргээх, төгөлдөржүүлэхэд популист байр сууринаас, хоосон мэдэмхийрэгчдийн байр сууринаас, ирээдүй цагийн хэрэгцээ, шаардлагыг үл ухаарагсдын байр сууринаас хандаж болохгүй билээ. Ийм байдлаар хандаад инээдэм болсон баримт, жишээ олширсоор л байна. Монгол гэр гэхэд л өвөг дээдэс маань зуунаас зуунд улам л сайжруулж, улам л боловсронгуй, төгс болгосоор ирсэн юм шүү дээ. Түүнээс биш “Чингис хааны үед ямар байсан тэр хэвээр нь хадгалнаа” гээд зөрүүдлээд, тэнэгтээд байсан биш билээ.

Цагийн юм цагтаа нэг янз, цаг нь өнгөрөхлөөр бас өөр янз бололгүй яах вэ. Нэг л янзаар байдаг юм гэж үгүй, тийм байх боломж ч үгүй. Мөнх нэг янзаараа байх чанар, биет, хэлбэр гэж үгүйг зааж л “аливаа зүйл хоосон чанартай” хэмээн дүгнэгддэг билээ. Дорнын философи сэтгэлгээний энэхүү үнэмлэхүй дүгнэлтийн эсрэг хандсан байр суурь мэдээжээр үнэн рүү хөтлөхгүй нь тодорхой юм.

Судлаач, профессор Д.Чулуунжав