ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдийнхээ нэрийг хагаслаж бүү дууд

Хүний нэр араншинг нь илэрхийлдэг Заримдаа сонин, содон нэртэй хүмүүс таардаг. Хүнбиш, Бибиш, Энэбиш зэрэг үгүйсгэсэн нэр нь цаанаа нарийн утгатай юм байна. Хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд өөрийн хүүхэд биш хэмээн ийнхүү домнож нэрлэдэг ажээ. Энэ нь аюул даллах далдын хүчийг “хуурах” зорилготой байж. Харин үзмэрчид төрөхөөс өмнө дээд тэнгэрт тухайн хүний нэр, хувь тавилан нь зурагдсан байдаг гэж үздэг.

Шинэхэн төрсөн үрдээ аядуу зөөлөн, бэлгэ дэмбэрэлтэй нэр өгвөл хүүхдийн хувь заяа, зан төлөв нь нэрээ дагаад тэгширдэг. Харин төрснийх нь дараа нэрийг нь солих, өөр нэрээр дуудахад хувь заяа нь төөрөлдөж, элдэв аюулд өртөх нь элбэг байдаг. Энэ нь бас л бодууштай. Үүнээс гадна хүүхдийн нэрийг хагаслаж дуудах нь хувь заяаг нь хагасладаг гэж тус номонд бичсэн байна. Тэгэхээр монголчуудын нэрний соёл өөрийн гэсэн түүх бэлгэдэлтэй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм.

Богино настай цэцэгний нэрийг хүүхдэдээ бүү өг

Аливаа нэрийг хайрлахдаа хувь хишгийг нь бодож, дүүрэн бэлэгдэлтэй нэрийг өгөх нь зүйтэй байдаг аж. Хүн төрөхдөө л өөрийн хүнс, хүн тавилангаа дагуулж ирдэг учир тэдгээр сав нь үргэлж дүүрээ байгаасай гэж “Дүүрэн” гэсэн тодотголтой нэрийг хайрлавал буян заяа нь тэгширдэг юм байна. Харин эцэг эхчүүд мэдлэг, шүтлэг, хайхрамжгүй байдлаасаа болж шинэ хүндээ өөрсдийнхөө нэрийг таллаад өгчихдөг. Энэ нь хамгийн буруу гэж “Буяны цагаан зам” Гандантэгчилэн хийдийн хамба лам М.Сайнжаргал онцолсон юм. Тэрээр “Энэ нь өөрийн зовлон шаналал, өр шир хувь заяаныхаа талыг хүүхэддээ наачихлаа гэсэн үг. Тиймээс өвгөдийн болон өөрсдийн нэрийг хэзээ ч бүү өг. Мөн цэцэг их богино настай учир хүүхдэдээ цэцэгний нэр битгий өгөөрэй. Үзэсгэлэнт төрхөө нэг л удаа гайхуулаад удахгүй хагдрах аюултай” гэсэн юм. Нэр гэдэг бидний хувьд энгийн юм шиг хэр нь олон далдын хүч бэлгэ дэмбэрлийг агуулдаг ажээ. Тэгвэл зарим судлаач, лам нар хэрхэн нэр хайрлах, ямар бэлгэдлийг өгүүлэх тухай ингэж зөвлөж байна.

Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх гээд бүх зүйл нарийн дэгтэй. Нэр хайрлахдаа эхлээд аавынх нь нэртэй хоршохуйц дуудлага эвтэйхэн байна уу гэдгийг анхаар. Мөн төрсөн өдөртэй нь уялдуул. Хэрэв хүүхэд тогтдоггүй айл шинэ хүнтэй болбол цээрлэх нэр өгөх хэрэгтэй. Ийм нэртэй хүүхдүүдийг шоолоод хэрэггүй. Харин ч хүндэлж, дээдлэх хэрэгтэй. Буян заяаг нь дүүрэн байлгах бэлгэдэлтэй нэр хайрласнаар таны хүүхдийн хувь тавилан дардан байх болно. Мөн хүүхдээ зөв хүмүүжүүлснээр бид хүн болж төрснийхөө хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өтлөх насны аз жаргал нь хүүхэд сайн явахад оршино.