БУСАД

Тэтгэврийг нэг сая төгрөгт хүргэ, ахмадууд өвдөх эрхгүй байна !!!

Ирэх оны улсын төсөвтэй холбогдуулан цаг үеийн байдал, үнийн өсөлтийн талаар “Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-ын тэргүүлэгчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

Э.Нэргүйцэцэг дараах мэдээллийг өгөв: 304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэд нийт ахмадын 80 хувийг бүрдүүлдэг. Үлдсэн 20 хувийн ахмад л сард 400 мянга болон түүнээс дээш хэмжээний тэтгэвэр авч байн. Ахмадууд өвдөх эрхгүй боллоо. Баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна. Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмнэ гэсэн. Одоо инфляц 14 хувьд хүрэв. Төр дүлий, арга хэмжээ авахгүй байна. Манай улсад болж, бүтэж байгаа зүйл алга. Агаар, хөрсний бохирдол их тул өвчлөл их байна. Өвдвөл хоол авах мөнгөгүй болдог. Цалингийн өсөлт инфляцын өсөлтийг гүйцэхгүй байна.

Иргэд хүлцэнгүй, номхон хэвээр байна. Тэтгэврийг сарын нэг сая төгрөгт хүргэх шаардлагатай.

Ахмадууд манай улсын нийт хүн амын ердөө 11-хэн хувийг эзэлдэг. Би 25 жил төрд ажиллаад одоо 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл сүүлийн долоон жилийн турш сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс илүү тэтгэвэр авдаг нь шударга бус. Ирэх оны улсын төсөвт тэтгэврийн нэмэгдлийг тусгах нь зөв. Учир нь өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь бидэнд хүнд тусаж байна. Насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд одоо ядуу амьдрах ёсгүй. Эрх баригчид амлалтаа биелүүл, ажлаа хий. Бидний хуримтлуулсан мөнгөөр бидний тэтгэврийг нэм. Төрийн дээр нам хэмээх амьгүй албат заларлаа. Харин бид намын гишүүд биш, Сөрөг хүчин хүчтэй байх ёстой гэв.

“Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ өнгөрсөн долоо хоногт төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлжээ.