ЭРҮҮЛ МЭНД

Яагаад цагаан хоолтон болох ёстой вэ?

Сүүлийн үед дэлхийн улс орнууд, түүний дотор манай улсад ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэдээлж байна. Энэ чиглэлийн олон улсын болон үндэсний нийгэмлэг, клуб ч олноор байгуулагдаж махан хоолноос татгалзахыг уриалсан мэдээлэл, сурталчилгааны ажил идэвхжиж байна. Тэгвэл манайхаар “цагаан хоол”, олон улсад Vegeterian meals” гэж нэрлэдэг махгүй, ургамлын гаралтай хоол хүнс, хооллолтын дэглэмийн талаар товч тайлбарлая. Britannica ширээний нэвтэрхий тольд тайлбарласнаар үр тариа, ногоо, жимс в, самар зэрэг зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх онол ба дадлыг вегетарианизм гэж нэрлэдэг байна.

Хүмүүсийн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх буюу бидний ярьж заншсанаар цагаан хоолтон болох сэдэл нь:

  • Ёс зүй (амьтны амь таслахгүй)
  • Өөрийгөө удирдах
  • Шашны заншил
  • Байгаль орчин (мал махны үйлдвэрлэлээс гарах хаягдал, бохирдол, өртөг)
  • Эрүүл мэнд
  • Махны хүрэлцээгүй байдалтай холбоотой.

Орчин үед цэвэр ургамлын гаралтай болон цагаан хоолны дэглэмийн дараах төрлүүд байна. Үүнд:

  • Ургамлын үндэс, үр хөврөл, буурцгийн зүйлээр голчлон хооллодог “Sproutapianism”
  • Янз бүрийн жимс шүүс, үр самар, ногоогоор хооллодог “Friutarianism”
  • 48 хэмээс дээш температурт болгосон хүнс хэрэлддэггүй “Raw Foodism”
  • Мах, сүү, өндөг, тэр ч байтугай зөгийн бал зэргээс эрс татгалздаг “Veganism”
  • Хүнсний ногоо, бас өндгөөр хооллодог “Ovo vegetarianism”
  • Ногоо, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг ч өндөг иддэггүй “Lacto vegetarianism”
  • Өндөг, сүү, хүнсний ногоог хамт хэрэглэдэг хамгийн өргөн тархсан “Ovo kacto vegetarianism” зэрэг болно.

Ургамлын гаралтай хүнс хэрэглэж заншихыг номлогчдын үзэж байгаагаар мах идэх зуршлаасаа бүрэн татгалзах хүртэл бид хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж чадахгүй бөгөөд ухамсрын тэргүүн шатанд хүрэх боломжгүй ажээ. Гэтэл энэ талаар зарим эрдэмтэн судлаачид арай өөрөөр тайлбарлан бичиж байна. Тухайлбал ургамлын гаралтай хүнсэнд B12 амин дэм огт агуулдаггүй, уургийн агууламж харьцангуй бага байдаг бөгөөд лизин, треонин зэрэг үл орлогдох амин хүчлийн дутагдалд оруулдаг байна. Бас зөвхөн ургамлын гаралтай хүнсийг дагнан хэрэглэснээр төмөр, кальци, D амин дэмийн дутагдалд орох магадлал өндөр байдаг. Нөгөө талаар ургамлын гаралтай түүхий хүнсийг хоол боловсруулах эрхтний ферментүүд сайн задалж боловсруулж чаддаггүй. Энэ нь хүний биеийн болон оюуны өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөтэй. Иймэрхүү харилцан зөрчлийн дунд гадаад орны зарим судлаачид хоол хэрэглээний талаар өөр өөрсдийн саналыг дэвшүүлж байна. Үүнээс хамгийн сүүлд Поль Бреггийн тодорхойлсон хоногийн хоолны бүтцийн зохистой харьцааг авч үзье. Түүний үзэж байгаагаар хамгийн зохистой харьцаа нь хоногийн хоолны 60 хувь нь жимс ногоо, 20 хувь нь уурагт хүнс, 7 хувь нь цардууллаг хүнс, 7 хувь нь цэвэр сахар, 6 хувь нь тос байх ёстой ажээ. Гэтэл энэ харьцаа байгаль, цаг агаарын өөр өөр нөхцөлд байдаг улс орны хүмүүст адил байх уу? Үүний хариулт болгож цаг агаарын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд таван өнгийн идээгээ зохицуулан хэрэглэж ирсэн монгол хүний хоол хэрэглээний уламжлал, орчин үетэй харьцуулан авч үзье.

Монголчуудын хоол хүнсний хамгийн чухал эх үүсвэр нь амьтны гаралтай хүнс буюу малын мах, сүү байсаар ирсэн болохоор энэ уламжлалт хэрэглээг шууд хязгаарлаж буюу халуун дулаан уур амьсгалтай нутаг орны хүн амын гол хүнс болсон, манайд тэр бүр байдаггүй ургамлын зүйлээр шууд орлуулж болохгүй нь мэдээж. Учир нь ургамлын гаралтай буюу цагаан хоолтон болох сэдэл талаас нь авч үзвэл манайд махны хүрэлцээгүй байдал урьд ч байгаагүй, одоо ч байхгүй, өргөн уудам нутагтай хүн ам сийрэг тархсан манай нутагт мал, махны үйлдвэрлэлээс болж хог хаягдал, бохирдол зэрэг байгал орчинд сөрөг нөлөөлөх явдал ч үгүй бөгөөд малын гаралтай хүнснээс татгалзах шашны номлол, заншил, ёс зүй ч үндсэндээ байхгүй билээ. Нөгөө талаар эх газрын эрс тэс уур амьсгалтай сэрүүн бүсэд багтах манай орны байгаль, газар зүйн онцлогийг хүн амынх нь хоол хэрэглээтэй холбон үзэх зайлшгүй шаардлагатай. Иймд манай орны хувьд уламжлалт хоол хүнсээ орчин үеийн шаардлагад нийцүүлэн зохистой хослуулан нэр төрлийг нэмэгдүүлж харилцан зохицлыг хангах явдал нэн чухал гэж судлаачийн хувьд үзэж байна. Үүнтэй холбогдуулан ургамлын гаралтай хүнсээр дагнан хооллох нь улс үндэстэн бүрийн хувьд заавал хэрэглэх нийтлэг дэглэм, бас нэгдсэн номнол биш бөгөөд үүнийг бусдад тулган хүлээлгэх буюу ятган сэнхрүүлэх шаарддаггүй юм. Харин хооллолтын энэ дэглэм нь тухайн хувь хүний өөрийн сэдэл, эрүүл мэнд, өөрийгөө удирдахтай холбоотой сонголтын асуудал гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.