ЭРҮҮЛ МЭНД

Нойр бол дархлааны эм

Нойр- Амьд эд эсийн амин чухал хэрэгцээ. Нойргүйгээр амьд биет удаан оршин байх нөхцөлгүй юм. Амьд бие хоол тэжээл зайлшгүй хэрэгтэйн адил нойр бол амин чухал хэрэгцээт зүйлийн нэг юм.

Олон эрдэмтэд нойрны тухай янз бүрийн үзэл бодол баримталж, судалгаа шинжилгээ явуулж ирсэн бөгөөд ихэнх эрдэмтэд нойр бол төв мэдрэлийн тогтолцоог ядралаас хамгаалах үйл явц гэдэг үзэлд санал нэгтэй байдаг.

Нойрыг судалдаг шинжлэх ухааныг сомнологи гэж нэрлэдэг. Нойр гэдэг бол мэдрэлийн эсийн саатах процесс юм. Тэрээр тархи болон бие махбодийг бүхэлд нь хамардаг тодорхой хэмнэлттэйгээр явагддаг зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааны өвөрмөц хэлбэр юм. Нойр нь хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг, организм дахь давтамжит үйл явц төдийгүй бие махбодийг хамгаалагч өвөрмөц хамгаалал дархлаа сайжруулан дэмжигч юм. Цусанд серотонин үүсэж норадреналин буурахад нойр хүрдэг.

Нойр бол мэдрэлийн тогтолцоонд хуримтлагдсан хорт бодисыг биеэс ялгаруулах, энергийг нөхөн сэргээх замаар бие махбодийг ядралаас хамгаалдаг. Нойрыг дотор нь физиологийн, ховс, наркозын эмгэг нойр гэж ангилдаг. Нойрны үргэлжиллэх хугацаа хүмүүсийн наснаас хамааран харилцан адилгүй байдаг. Нярай хүүхэд 16-17 цаг, 3-7 насны хүүхэд 12цаг унтдаг бол насанд хүрэгсэд 8-10 цаг унтахад хангалттай байдаг. Харин 30-50 насанд нойрны үргэлжлэх хугацаа 2 цагаар богинсдог байна. Мөн 55-60 насанд нойрны үргэлжлэх хугацаа бага зэрэг ихэсдэг бөгөөд шөнийн нойр нь бага зэрэг богиносож өдөр унтаж амрах хэрэгцээ бий болдог. Эмэгтэйчүүдийн бие организм эрэгтэйчүүдээс арай илүү урт нойрсох шаардлагатай байдаг. Учир нь эмэгтэйчүүдийн физиологийн үйл ажиллагаа арай удаан явагддагтай холбоотой юм.