ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдийн өсөлтөд нойр ямар нөлөөтэй вэ?

Сайн унтаж амрахад гэр бүлийн орчин, дадал зуршил, хооллолт, өрөөний агааржуулалт, тав тухтай байдал нөлөөлнө. Сургуулийн насны хүүхдүүд шөнө сууж хичээл хийх, компьютер болон гар утас, зурагт удаан хугацаагаар үзэх нь нойргүйдэлд хүргэдэг байна.

Хүүхэд унтаж байхдаа өсдөг. Гэтэл бага насны хүүхэд нойр дутуу байх нь өсөлтөд хамгийн сөрөг нөлөөг үзүүлж болохыг эрдэмтэд тогтоодог байна. Нойр муутай хүүхэд үеийнхнээсээ 5-10 см намхан байдаг байна. Учир нь өсөлтийн дааврын ялгаралт 22:00-02:00 цагийн хооронд хүүхэд гүн нойронд автаж байх үед хамгийн ихээр ялгардаг байна. Энэ үед өнчин тархинаас самотатропин хэмээх өсөлтийн даавар сэрүүг үеийнхээс 2-3 дахин их хэмжээний ялгардаг.

Тиймээс өсвөр насны хүүхдүүдийг эрт сайн унтуулж байх нь түүний ирээдүйд хамгийн чухал хөрөнгө оруулалт болдог байна. Мөн унтаж амарах нь сурлагын чанарт нөлөөлдөг гэнэ. 10-16 насны сурагчдын дунд явуулсан судалгаагаар нойрны асуудалтай, тухайлбал хурхирдаг, хэт их зүүдэлдэг, нойр муутай хүүхдүүдийн сурлага бусдаасаа сул байдгийг олж илрүүлжээ. Тэд анхаарал төвлөрүүлэхдээ муу, ой тогтоолт нь сайнгүй байжээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ нойронд анхаарал тавьж зөв дадал зуршилд сургаснаар ирээдүйн амжилтанд ч нөлөөлж болох юм.