ГОО САЙХАНЗӨВЛӨГӨӨ

Өсвөр насанд будаг хэрэглэх хэрэгтэй юу?

Өсвөр насны охид яг энэ үедээ л аливаад дурлаж, хүссэн, сонирхсон бүхнээ хийж үзэхийг оролддог. Ялангуяа, өөрсдийгөө том хүн шиг сэтгэж, биеэ даахыг илүүд үзэж эхэлдэг энэ насандаа дийлэнх нь нүүрэндээ будаг хүргэж эхэлдэг. Хэрвээ охин минь чи нүүрээ будаж эхлэх сонирхолтой байгаа бол үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Дөнгөж ургаж буй цэцэг шиг чиний арьс яг одоо дур булаам, торгомсог зөөлөн, хамгийн сайхан дээрээ байгаа. Иймээс олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглээд байх шаардлага байхгүй. Хэрвээ нүүрээ будаж эхлэх гэж буй бол дараах зөвлөгөөг дагаарай.

1. Өсвөр насны охидод зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд олон бий тул зөвхөн насандаа тохирсон бүтээгдэхүүнүүдийг л сонго. Мөн тестийн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Энэ нь чиний арьсанд харшил өгөх, эсвэл арьсыг чинь улам гэмтээх аюултай.

2. Энэ насан дээр будсан, будаагүй чиний царай гэрэлтэж харагдана. Иймээс будаж байна гээд хэтрүүлэх хэрэггүй. Ялангуяа, нүд, уруулаа тод өнгөөр битгий буд. Энэ нь чамайг наснаас чинь хөгшин харагдуулна шүү.

3. Нүдээ теньдэлгүй цэвэрхэн, нарийхан контур тавьж өгч болно. Гэхдээ мөн хэтрүүлэлгүй, нүднээс хэт илүү гаргалгүй будна гэдгийг анхаар. Уруулын будгийн оронд урууланд чинь шим тэжээл өгөх, басхүү гялалзуулах өнгөлөгч түрх.

4. Энэ насны зарим охидод гормоны өөрчлөлт хүчтэй явагдаж, нүүрэн дээр батга гарах нь элбэг. Хэрвээ батгатай, үрэвсэлтэй арьстай бол суурь крем түрхэхээс зайлсхий. Заавал түрхэх шаардлагатай бол тос агуулаагүй кремийг сонгож болно.

5. Энэ насанд ч гэсэн нарнаас хамгаалах тос хамгийн чухал. Иймээс суурь кремээ тавихаас өмнө нарны тосоо түрхэж заншаарай.

Арьсаа хэрхэн арчлах вэ?

Энэ насандаа чи нүүрээ зөв угааж, цэвэрлэснээр залуу сайхан арьсаа удаан хугацаанд хадгалан үлдэж чадна. Гэхдээ чиний насны охидын ихэнх нь арьсаа хэрхэн арчлах талаар төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл энд арьсны онцлогоос шалтгаалан арьсаа хэрхэн арчлах талаар чамд зөвлөж байна.

Хэвийн арьс: Энэ төрлийн арьсанд асуудал гарах нь харьцангуй бага. Иймээс арьсныхаа ус чийг, тослогийг л тэнцвэржүүлээд байвал цусны эргэлт сайн явагдаж, элдэв асуудал гарахгүй. Арчилгааны тухайд нүүрээ өдөрт 2-3 удаа угааж цэвэрлэж байгаарай. Хэвийн арьсанд зориулсан нүүрний шингэн саван болон нүүр цэвэрлэгчийг сонгож болно.

Хуурай арьс: Энэ төрлийн арьсанд арчилгаа сайн хийхгүй бол асуудал гарах нь элбэг. Иймээс зөөлөн нүүрний шингэн саван болон нүүр цэвэрлэгчийг сонгоорой. Энэ нь арьсыг чинь хуурайшуулахаас сэргийлнэ. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа спирт агуулаагүй чийгшүүлэгч тос түрхээрэй. Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо хуурай арьсныхыг үргэлж сонгож байгаарай.

Тослог болон холимог арьс: Энэ төрлийн арьсан дээр үрэвсэлтэй батга гарах нь элбэг байдаг. Мэдээж зөвхөн тослог арьснаас шалтгаалж батга гардаггүй. Батга гарах хэд хэдэн шалтгаан бий. Иймээс тослог болон холимог арьстнууд арьсаа маш сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Өдөрт энгийн шингэн савангаар 3 удаа нүүрээ угааж байгаарай. Нүүр цэвэрлэгчийн хувьд найрлагадаа тос агуулаагүйг нь сонгон авахыг зөвлөж байна.