ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн үе шатууд

Та бидний бяцхан үрс хорвоотой хэрхэн танилцдаг вэ? Үүнийг эцэг эхчүүд мэдэж авснаараа хүүхэд үйл хөдлөл, дуу авиа, сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж байгааг нь ажиглан тэдний юу хүсч байгааг мэдэхэд улам хялбар болох юм.

Хүүхэд нярай насандаа 40-45 см зайд байгаа эд зүйлсийг хардаг. Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлнэ.

Нэг сартай үедээ хүүхэд аав ээжийнхээ нүүр рүү сонирхон харж тод өнгийн зүйлийг гайхдаг.

Хоёр сартайдаа доош харуулж хэвтүүлсэн үед удаан хөдөлж буй зүйлийг толгойгоо өргөн дагуулж хардаг болно.

Гурван сартайдаа таны дуу хоолойг сонсоод толгой, гар хөлөө хөдөлгөж эхэлнэ. Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлж, харцаараа таныг хайдаг болно. Ойр орчимд нь гарсан дуу чимээ болон хөдөлгөөнийг сониучирхан сонсож, ажиглана. Гар хүрэх зайд байгаа эд зүйлсийг барьж базаж сонирхоно. Эд зүйлсийг гартаа атгасан л бол амандаа хийнэ. Хөдөлгөөнтэй эд зүйлсийг анхаарч харна.

4-6 хүртэл сартай үедээ таних болон танихгүй хүнээ ялгах ба харж бишүүрхэж, заримдаа уйлдаг. Зургаан сар орчим сартай үедээ хүүхэд эхлээд гарт эвтэйхэн жижиг тоглоомуудыг бариад цохих, базах хөдөлгөөн хийдэг. Ингэж том, жижиг тоглоомтой танилцаж насанд хүрэгчид, хүүхдийг ялган танина.

9 сартайгаас эхлэн, юмстай үйлдэл хийхдээ эрс өөрчлөлт гаргана. Насанд хүрэгчдийн тусламжтайгаар суварган тоглоомонд цагираг өлгөх, аягаа аваад хүүхэлдэйн аманд ойртуулах зэрэг үйлдлийг хийнэ. Юмсыг хооронд нь харьцуулж эхэлдэг. Хүүхэд нэг нас хүрэх үедээ дуртай зүйлээсээ олныг (ихийг) авахыг оролдоно.

Нэг нас хүрэх үеэсээ эхлэн эд зүйлсийг илүү эвсэлтэйгээр барьж авна. Хөлийн хуруугаа барина, биеийн хэсгүүдээ судална. Дохио зангаа болон зарим үйлдлийг хийж сурна. Нэг хүртэл насны хүүхэд сар сараар гарч буй дээрх өөрчлөлтүүд нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг илэрхийлэх үзүүлэлт болдог гэдгийг анхаараарай.