ГЭР БҮЛ

Аавууд анхаарал хандуулаарай

Хүүхдийн хүмүүжилд аавын оролцоо

Эрэгтэй хүүхдүүд аавыгаа үлгэр дуурайлал болгон үздэг ба түүний зан ааш, үйл хөдлөл бүхнийг дуурайдаг. 4-5 настай эрэгтэй хүүхэд аавынхаа сууж байгааг нь хүртэл дуурайдаг. Шилжилтийн насны хөвгүүд аавынхаа ааш авир тэр ч байтугай уурлах байдлыг нь хүртэл дуурайна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд аав нь ээжтэй нь харилцах харилцаа нь ирээдүйд эсрэг хүйстэндээ, эхнэртээ хандах хандлагад нь нөлөөлдөг. Ийм учраас эцэг хүн хүү нь өөрөөс нь үлгэр дуурайлал авдгийг ухаарч, өөрийг зан ааш, дотоод ертөнцөө задлан шинжлэх хэрэгтэй.

Бага насны хүүхэд ээжээсээ илүү заваараа ном уншуулах дуртай байдаг. Учир нь ээж уйлахад нь аргадаж, унтахад нь бүүвэйлэн, хооллож бас гадаа гаргана. Харин аавууд ажлын нөхцлөөс шалтгаалан хүүхэдтэйгээ хамт байх цаг бага, хүүхдэдээ хайртайгаа мэдрүүлж ном уншиж өгөөрэй. Яг энэ мөчид аавын ажлын стресс ч гэсэн ор мөргүй алга болно. Аав та хүүхдийнхээ төлөвшилд нөлөөлөх 5-10 минутыг өдөрт заавал гаргаарай. Таны дуу хоолой хүүхдийнхээ ирээдүйн төлөвшлийг бий болгоно. Хүүхэд том болоод ямар хүн болох, зан ааш нь ямархуу байх нь аавуудын хүмүүжил, үйлдэл бүртэй шууд холбоотой байдаг гэнэ. Нийгэмд чухал байр суурь эзлэх, амжилт гаргах зэрэгт хүүхдийн хүчин чармайлт дөнгөж 20 хувьтай байдаг ажээ. Үлдсэн хувь нь аавуудтай холбоотой байна. Хэчнээн их ажилтай байсан ч гэсэн өдөрт хорьхон минутын цаг зав гарган хүү, охинтойгоо ярилцаж чадвал таны хүүхэд том болоод өөрөөс тань илүү амжилт гаргах нь.

Хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Ээжийнхээ хайрыг, аавынхаа итгэлийг хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, бусадтай харилцах үедээ харуулж байдаг. Хайр, итгэлийг хангалттай авсах хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн, өөртөө болон бусад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэлтэй хувь хүн болж өсдөг. Иймд аав нарт их үүрэг ноогддог.